Т.САЙХАН

Парламент Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж байна.  Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд  ХЗДХ-ийн сайд  Х.Нямбаатараас  тодруулга мэдээлэл авч байна.  

УИХ-ын гишүүн Д.Батлут: -Иргэд шүгэл үлээснээр урамшуулал авах гэсэн сэтгэлзүйгээр хандах нөхцөл үүсэх вий. Энэ нь хэлсээр хүнийг гүтгэх, дургүй хүмүүсээ матах нөхцөл байдлыг үүсгэх талтай. Энэ байдлаар явбал 1930-аад оны түүх давтагдах дүр зураг гарах вий. Үүнийг хязгаарлах шалгуурыг хэрхэн тогтоосон бэ.

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:-Шүгэл үлээгчийг хуульчлах хоёр эрх зүйн зорилго бий. Нэгдүгээрт, төрийн байгууллага албан тушаалтан, нийтийн эрх зүйн субъектийн хууль бус үйлдэл, үйл ажиллагааг олон нийтийн хяналтад оруулах, Хоёрдугаарт, шүгэл үлээж буй хүмүүсийн эрх зүйн байдлыг хамгаалж, дарамт шахалт, мөрдлөгт оруулахгүй байх үүднээс хамгаалах зорилготой. Нэг асуудал байгаа нь 1990-ээд оны өмнөх хуучин нийгмийн “матаасны” тогтолцоог эргэж сэргээнэ гэдэг болгоомж байгаа. Ялангуяа 1990-ээд оноос өмнө амьдарч байсан ах эгч нарт маань ийм комплексууд байна. Хуучин нийгмийн үед үндэс угсаа, гарал шашин шүтлэгээ нууж хаасан зүйлийг матдаг тогтолцоо байсан. Бид шинэ Үндсэн хуулиар хүний эрхийн суурь зарчимд нэгдсэн эрх зүйн тогтолцоогоор явж байна. Хуучин матаасны тогтолцоотой адилтгаж болохгүй.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг: -Мөнгөн урамшууллыг матаастай хольж ойлгож болохгүй. Матаас бол хувь хүн рүү чиглэсэн улс төрийн зорилгоор ахуйн хүрээний өс хонзон гол төлөв байсан бол энэ удаагийн мэдээлэгч буюу “шүгэл үлээгч” нь зөвхөн нийтийн эрх ашгийн төлөө үлээнэ.

Эх сурвалж:www.polit.mn