Б.БАЯРЖАВХЛАН
“Зууны мэдээ” сонин “Эмэгтэйчүүдийн манлайлал” буланг нээж, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхээр нийтлэлийн бодлогоо тодорхойлон ажиллаж байна. Энэ удаа Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Урансувдтай ярилцлаа.
-Дорнод аймгийн ИТХ-д эмэгтэйчүүдийн төлөөлөл маш бага байна. Таны хувьд хэд дэх удаагаа сонгогдон ажиллаж байна вэ?
- Би 2012-2016, 2020-2024 оны ИТХ- д сонгогдон ажиллаж байна. Одоогоор бүрэн эрхийн хугацаа талдаа ороод явж байна. 2020 оноос аймгийн ИТХ-ын тэргүүлэгчээр сонгогдсон. Манай аймгийн ИТХ-д эмэгтэй төлөөлөгч ихдээ тав, багадаа хоёр эмэгтэй сонгогдож байсан. Дундажыг хувиар илэрхийлбэл, 4.2-16.6 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байсан гэсэн үг.
-ИТХ-д эмэгтэйчүүдийн хувь, оролцоо бага байгаа нь шийдвэр гарахад хэрхэн нөлөөлдөг вэ?
-Манай аймагт шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь улсын дунджаас доогуур үзүүлэлттэй. Гэхдээ Засаг дарга, ИТХ-ын дарга нар жендэрийн мэдрэмжтэй ажилладаг. Тухайлбал, миний бие тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байгаад шинэ хуулиар зөвлөлийн гишүүн болсон. Бусад эмэгтэйчүүдийн хоёр нь бодлогын хорооны дарга бол нөгөө хоёр эмэгтэй нь ОНӨГ -ын ТУЗ-ийн дарга албанд ажиллаж байгаа. Хэдий цөөн тооны эмэгтэй төлөөлөгчтэй боловч эрх мэдлийн хувьд удирдах түвшинд ажиллаж байна. ИТХ- д эмэгтэйчүүдийн санал үнэгүйдэх нь харьцангуй бага байдаг. Гэхдээ цаашид бид эмэгтэй төлөөлөгчийг улсын дунджаас дээгүүр болгохын төлөө хичээж санал санаачлага дэвшүүлж байна. Эмэгтэйчүүд тооны хувьд санал авахад хангалттай биш ч гэсэн саналаа унагаахгүйн тулд намын бүлэгтээ болон Засаг даргад танилцуулах зэргээр арга эвийг нь олж шийдүүлж байгаа. Ер нь үндэслэлтэй зөв ажил гаргаж тавихад дэмжлэг авдаг гэж хэлмээр байна.
- Эмэгтэйчүүдийн оролцоо тэгш байхын давуу талыг та юу гэж хардаг вэ?
-Эмэгтэйчүүд аливаа ажилд хариуцлагатай ханддаг. Хүний итгэлийг алддаггүй, нямбай, зарчимч байдал нь тэдний давуу тал. Зарим эмэгтэй төлөөлөгчийн хувьд анх удаа сонгогдсон. Гэвч тэд өөрийн хичээл зүтгэлээр ажилдаа мэргэшиж байна. Мөн эмэгтэй төлөөлөгчид иргэдийн дунд орж тэдний оролцоотойгоор ажиллаж чаддаг. Энийг хамгийн оновчтой шийдэл гэж боддог. Харин иргэдийн хувьд оролцоо муутай бас мэдлэг муутай болохоор нэг талдаа шийдэх боломжгүй эсвэл хуульд нийцэхгүй санал дэвшүүлэх тал бий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 204 (6936)