Т.САЙХАН
Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг, зуны олимпын 32 дахь удаагийн наадамд манай улсын тамирчид оролцох боломжгүй байж болзошгүй нөхцөл байдал үүссэн талаар Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэв.
Учир нь Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг(WADA)-аас манай улсыг допингийн эсрэг үндэсний дүрэмтэй болохыг шаардаж, аравдугаар сарын 27-н гэхэд Засгийн газраараа батлуулж, ирүүл хэмээн эцсийн хугацааг заасан байна. Үгүй бол "Парис-2024"-т оролцохгүй байх нөхцөл үүсэх аж.
Энэ талаар Б.Бат-Эрдэнэ сайд "Нөхцөл байдал тийм хүнд болсон байсан. Би наймдугаар сарын 30-ны үеэр ажлаа хүлээж авсан. Аравдугаар сарын 27-н гэхэд Олон Улсын Допингийн Эсрэг Байгууллага буюу WADA-гаас манай улсыг үндэсний дүрмээ Засгийн газраараа батлуулж, тогтолцоогоо бий болго гэж шаардлага тавьсан юм байна лээ, хугацааг гурван сараар зааж өгсөн. Засгийн газар дээр Ажлын хэсэг байгуулж ажиллан, УИХ дээр зарим гишүүн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулахаар төсөл өргөн барьсан тул түүнийг харзнаж нэлээд хугацаа алдсан байсан. Иймд WADA-д Азийн бүс хариуцсан захирал, холбогдох албаныхантай цахим хурал хийж, Ажлын хэсэг, хуулийн төсөл өргөн барьсан гишүүдтэй уулзаж, ойлголтоо нэгтгэн үндэсний дүрмээ Засгийн газраар албажуулж, батлуулах ажлаа хийе гээд явж байгаа. Амжих байх, маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэл хангаж байна. WADA-д Засгийн газар нотолсон гэдэг баталгаагаа илгээнэ. Ямар нэг зөрчил гарахгүй гэж бодож байна" гэлээ. Мөн тэрбээр "Допингийн эсрэг, түүний хор холбогдол, үнэн мөн чанар нь юу вэ гэдгийг олон нийтэд ойлгуулахгүй бол, үндэсний хэмжээний тогтолцоогоо байгуулж, үйл ажиллагаагаа явуулахгүй бол манай улс амаргүй нөхцөл байдалд байгаа. WADA-гаас Монгол Улс нэлээд анхаарал татсан улсын тоонд орж байгаа шүү гэдэг асуудал тавьсан" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn