Т.САЙХАН

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Дампуурлын тухай хууль үйлчилсэн хугацаанд хэчнээн компанийн асуудлыг шийдвэрлэсэн бэ. Энэ асуудлаар мэргэшсэн хүмүүс бий юу. Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын хувьд яах вэ.  Койн гаргасан компаниуд бас яах вэ" гэдгийг асуув. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Койнтой холбоотой асуудлын хувьд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг УИХ баталсан. Тухайн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид Санхүүгийн зохицуулах хороонд өөрийн үзүүлж буй санхүүгийн үйлчилгээнийхээ талаар мэдээлэл хүргүүлнэ. Улмаар СЗХ-нд бүртгүүлж, үйл ажиллагаа явуулна. СЗХ-нд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид тухайн хороотойгоо хамтарч тайлангаа гаргана. Цахим залиланг бие даасан гэмт хэрэг болгож оруулж ирнэ. Дампуурлын тухай хуулийн гол агуулга нь мөнгөн төлбөрөө 6 сараас дээш хугацаагаар төлж чадаагүй тохиолдолд хүсэлт гаргаад шийдвэрлүүлнэ" хэмээн хариуллаа. 

Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Удахгүй шүүх байгуулах тухай хуулийг Шүүхийн ерөнхий зөвлөлтэй зөвшилцөж оруулж ирнэ. Иргэний шүүх дотор арилжааны танхим байгуулах асуудал буюу бизнесийн маргаанд мэргэшсэн шүүгч ажиллуулах, эдийн засгийн шинжээчид ажиллуулдаг болох асуудалд илүү анхаарч байна. Засгийн газраас удахгүй он гарахаар Иргэний процессын хуулийг өргөн барина. Иргэний процесс дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэмж оруулж ирнэ. Шүүх хэрэг маргааныг үүсгэсэн бол дуусах хүртэл шүүхийн шийдвэрээ биелүүлдэг процессоо хянах хуулийг оруулж ирнэ. Өнгөрсөн хугацаанд 268 хэргийг Дампуурлын тухай хуулиар шийдсэн. Гэтэл манай улсад 200 мянган хуулийн этгээдийн 70 орчим мянга нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. 130 мянгынх нь үйл ажиллагаа идэвхгүй байдалд, татан буугдах арга зам нь байхгүй болоод гацсан байна.  Өр барагдуулах асуудалд шүүх оролцоно. Нуугдмал хөрөнгийг олж илрүүлэх зэрэг дээр хэрэг гүйцэтгэгчдийг мэргэшүүлэх шаардлагатай" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn