С.УЯНГА
Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин редакцын бодлогоо шинэчлэн баталж, нийтлэлийн агуулгадаа нийгмийн бүхий л хэсгийн дуу хоолой, үзэл санааг хүргэж, эх сурвалжийн хүйсийн тэнцвэртэй байдлыг хангаж ажиллаж байна. Ялангуяа хүн амын 50-аас дээш хувийг эзэлж буй эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэхэд чиглэн ажиллахаар нийтлэлийн бодлогоо тодорхойлсон. Мөн эмэгтэй улстөрчид, бизнес эрхлэгчид, манлайлагчдыг эрэгтэйчүүдтэй эн тэнцүү авч үзэн, тэдний бодлого, үйл ажиллагаа, зорилтын талаар адил тэгш мэдээлж байхыг эрмэлзэнэ хэмээн редакцийн бодлогодоо тусгаад байна. Энэ хүрээнд бид “Эмэгтэйчүүдийн манлайлал” булангаа эхлүүлж, 21 аймгийн ИТХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь, бодлого тодорхойлох боломж, байр суурийг хүргэж байгаа билээ. Өмнөх дугаартаа Архангай, Дорноговь, Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн талаарх мэдээллийг хүргэсэн бол энэ удаа Сэлэнгэ аймгийг онцолж байна.
Сэлэнгэ аймагт 2020 оны сонгуулийн үр дүнд МАН олонх болж аймаг, сумдын удирдлагын баг бүрдсэн. Ийнхүү дөрвөн жил аймгийг удирдах баг Засаг дарга, орлогч нараас гадна 36 төлөөлөгчтэй. Энэ дунд Засаг даргын дөрвөн орлогчийн гурав нь эмэгтэй. Харин 36 төлөөлөгчийн тав нь эмэгтэй байгаа нь нийт төлөөлөгчийн 13 хувь болж байна. Судалгаанаас харвал орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 26 хувь нь эмэгтэйчүүд байгаа. Гэтэл Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд эзлэх эмэгтэй төлөөлөгчийн тоо улсын дунджаас бага байгаа нь харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ард түмний эрх ашгийн төлөө ажиллах долоон төлөөлөгч тутмын нэг нь л эмэгтэй байгаа нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байгааг баталж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 197 (6929)