Б.ДОЛЖИНЖАВ

Монголын ард түмний амьдрал доройтсонтой холбоотойгоор “Ард түмний хурал”-ыг хуралдуулах болсон хууль эрх зүйн үндэслэл, шаардлагын талаар Ард түмний хурал хуралдуулах ажлыг зохион байгуулах ажлын Ерөнхий зөвлөлийн гишүүн, “Монгол Үндэстний Хүний эрх Иргэдийн хяналтын хороо”-ны гүйцэтгэх ажилтан Б.Эрдэнэчимэг “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монгол Улсын үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн гуравдугаар зүйлд “Монгол Улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” хэмээн заасан байдаг. Мөн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад “Бүх ард түмэн өөрөө засан тохинох эрхтэй. Энэхүү эрхийнхээ дагуу тэд улс төрийн статусаа чөлөөтэй тогтоож, эдийн засаг, нийгэм, соёлоо чөлөөтэй хөгжүүлнэ” гэж тусгасан байдаг. Эдгээр хууль эрх зүйн үндэслэлийн дагуу “Ард түмний хурал”-ыг хуралдуулах шаардлагыг хүргүүллээ.

Энэ талаар Ард түмний хурал хуралдуулах ажлыг зохион байгуулах ажлын Ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Эрдэнэчимэг “Үндсэн хуулиас гадна Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад оролцогч бүх улс, түүний дотор, Нэгдсэн үндэсний байгууллагын Дүрмийн заалтын дагуу өөрөө засан тохинох эрхийг хэрэгжүүлэх явдлыг хөхиүлэн дэмжиж, энэ эрхийг хүндэтгэх ёстой гэж заасан. Энэ дагуу Ерөнхий сайдын хэвлэлийн албаны төлөөлөгч Т.Ганзул  өнгөрсөн сард бидэнтэй уулзаж “Ард түмний хурал” хуралдуулах эрх нь ард түмэнд бий. Та бүхэн "Ард түмний хурал"-аа хуралдуулан төрд шаардлага хүргүүл. Бид хүлээн авч хариу өгнө” гэж Ерөнхий сайдын өмнөөс уламжилсан. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн ордон дахь иргэний нийгмийн төлөөллүүдэд ашиглуулах зориулалт бүхий хурлын танхимд ард түмний төлөөлөл хуралдах боломжийг олгохыг хүлээж байна. Мөн УИХ-ын Тамгын газар, ХЗДХЯ, Улсын ерөнхий прокурорын газраас Ард түмний хурал хуралдуулахыг дэмжиж байгаагаа албан бичгээр илэрхийлсэн. Үүнээс гадна хүний эрхийг хангасан, иргэдийн оролцоо, хяналт бүхий иргэний нийгмийг Монгол Улсад хөгжүүлэхэд Үндсэн хуулийн 16.16-р зүйлд заасанчлан нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс олон нийт бусад байгууллага түүн дотор Ашгийн төлөө бус хуулийн этгээд, Төрийн бус байгууллага байгуулах, иргэний чөлөөтэй эвлэлдэн нэгдэх нь нэн чухал” гэсэн юм.

“Ард түмний хурал” хуралдуулах зорилгын хүрээнд улсын хэмжээнд 21 аймгийн 330 сум, нийслэлийн есөн дүүргийн 152 хороо тус бүрээс хоёр нийт 1572 иргэдийн төлөөллийг сонгохоор болжээ. 21 аймаг тус бүр АТХ-ыг хуралдуулах ажлын зохицуулах Зөвлөлүүдээ байгуулан ажиллах юм байна. Харин Ерөнхий зөвлөл нь Улаанбаатар хотод ажиллах юм.

Ард түмний хурал хуралдсанаар хүнлэг, иргэний ардчилсан нийгмийг жинхэнэ ёсоор нь цогцлоон хөгжүүлэх бат суурийг тавина гэдгийг тэд онцоллоо. Тиймээс иргэдийг нэгдэхийг уриалсан юм.

 Эх сурвалж:www.polit.mn