Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын хамтарсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон технологи-2022” үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ. “Цэвэр технологи-Эрүүл орчин” уриатайгаар зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэн аравдугаар сарын 8, 9-нд 10:00-16:00 цагийн хооронд Дүнжингарав худалдааны төвийн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд дэлгэгдэх юм.
Тус үзэсгэлэнгийн зорилго нь Байгаль орчныг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, орчны доройтлыг бууруулахад техник, технологийн ололт, инновацын шийдлийг ашиглаж, ногоон технологийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулахад оршино. Мөн амьдралын зүй зохистой хэрэглээ, үйлдвэрлэлийн дадал, хандлага бий болгох, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, айл өрхүүдэд зуухны стандартыг мөрдүүлэх, угаарын хийн хордлого, болзошгүй эрсдэлээс сэргийлэх талаар иргэд, олон нийтийг мэдээллээр хангаж, зөвлөмж хүргүүлэх юм.
Үзэсгэлэнд "АБУ трейд", "Тасума", "Дашваанжил газ", "Монгол базальт", "Алтай эколос" ХХК зэрэг байгаль орчинд ээлтэй ногоон технологи, инновац нэвтрүүлсэн 40 гаруй компанийн төлөөлөл оролцож, цахилгаан болон хийн халаалт, агаар цэвэршүүлэгч, дулаалгын материал зэрэг бараа бүтээгдэхүүнээ танилцуулна. Мөн Хаан, Хас, Төрийн банк ногоон зээлийн үйлчилгээг танилцуулж, иргэдэд эдгээр банкаар үйлчлүүлж, хөнгөлөлттэй зээлээр бүтээгдэхүүн худалдаж авах гэх мэт олон боломж бүрдүүлжээ.
НИЙСЛЭЛИЙН АГААР, ОРЧНЫ БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР