Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын намрын чуулган өнгөрсөн даваа гарагт нээлтээ хийсэн.  Өчигдөр чуулганы  эхний хуралдаан болж,  2023 оны Төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.  Чуулганы хуралдаан өглөө 10.00 цагт  УИХ-ын гишүүн Д.Ганбатын сандал суудлын маргаанаар эхэлж, үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн талаар мэдээлэл өгснөөр өндөрлөсөн.

Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн Д.Ганбат ээлжит үймээнээ дэгдээв. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын суудалд О.Цогтгэрэл сууж, Д.Ганбат гишүүний картыг сугалж, Ц.Туваан гишүүний сууж байсан суудал дээр хуваарилжээ.  Үүнийг УИХ-ын гишүүн Д.Ганбат эсэргүүцэж, чуулганы хуралдааныг хоёр дахь удаагаа үймүүлэв. Тэрбээр   АН-ын бүлгийн даргын суудалд сууна гэсэн хүсэлтээ УИХ-д өгсөн ч тусыг эс олсон бололтой.  УИХ-ын дарга Г.Занданшатар Д.Ганбат гишүүнд чуулганы дэг сахиулахыг сануулж, тэрбээр хуралдааныг орхин гарснаар хуралдаан эхлэв.

 

“ОХУ-тай нефть бүтээгдэхүүний своп хэлцэл хийх талаар ярилцана”

 

УИХ-ын гишүүд төсвийн хэлэлцүүлгийн үеэр төгрөгийн ханшийн уналтын асуудлаар Төвбанкнаас ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: - Долларын ханш 3500 давж, талийж өглөө. Найман жилийн өмнө ханшийн асуудлыг гарган тавьж байлаа. Ханшийн өөрчлөлтийн шалтгаан юунд байна вэ. Экспортоо нэмэгдүүлэхэд, хил гаалиа нээх талаар Засгийн газар, валютаа нэмэгдүүлэх тал дээр Монголбанк ямар арга хэмжээ авч байна вэ. Байгалийн баялгаа худалдаалж буй ч ам.доллар орж ирэхгүй байна гэсэн мэдээлэл байна. Үнэхээр үнэн бол ямар учиртай байна вэ?

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:- Гадаад нөхцөл байдлуудаас үүдэн импортын бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, түүгээр дамжиж импортын төлбөр тооцоо нэмэгдээд байна. Үүнд тааруулж нөөцөөсөө тодорхой хэмжээний валют гаргаж байна. Валютын нөөц анхаарал хандуулах хэмжээнд хүрсэн учраас харилцагчийн хүссэн валютыг гаргаж өгөх бололцоо муутай байна. Гадаад худалдаа, төлбөрийн тэнцлийн алдагдалтай үед ханшийн зөрүү ажиглагддаг. Нөхцөл байдал сайжраад ирмэгц аяндаа тогтворжино. Нефтийн бүтээгдэхүүний хувьд Монголбанкны репо арилжаагаар хийхээр явж байна. Үнэ тогтвортой байгаа гэсэн мэдээлэл бий.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: -Дэлхий даяар үнэ өсөөд, улс орнууд ямар ч үнэ цэнээр хамаагүй инфляцын бодлого явуулъя гэж байна. Хууль батлаад үнэ тогтворжуулна гэж байхгүй. Төлбөрийн тэнцэл, баланс дээрээс харахад аль чиглэл дээр валютаа алдаад байна вэ гэхээр нийт хасахтай байгаа гүйлгээнүүдийг бараг 60 гаруй хувь нь ОХУ-тай нефть бүтээгдэхүүн дээр хийж буй худалдаатай холбоотой байна. Своп хэлцэл хийх үү гэдэг дээр ярилцаж байна. БНХАУ-тай хийгдэх свопын хугацаа 2023 онд дуусна. Урьдчилж ярилцана гэсэн мэдээлэл бий” гэлээ.

 

Ерөнхий сайдын төсвийн талаар хэлсэн эшлэлүүд

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  2023 оны төсөвтэй холбоотойгоор чуулганд байр сууриа илэрхийллээ.  Түүний танилцуулгаас онцлох эшлэлүүдийн хүргэж байна.

♦ 2022 оны улсын төсөв цар тахлын хүндрэлийг даван туулахад зориулагдсан бол өнөөдөр өргөн барьж буй 2023 оны улсын төсвийн төсөл эдийн засгийг тогтворжуулж, макро тэнцвэрийг хангахад бүхэлдээ зориулагдлаа.

♦ Ямар ч улстөржилт, ямар ч эсэргүүцэл хөрш орнуудтай Засгийн газрын хэлэлцэн тохиролцсон томоохон төслүүдийг гацаах ёсгүй гэдгийг Ерөнхий сайдын хувьд хариуцлагатайгаар дахин хэлье!

♦ Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулагдсанаар борлуулалт ил тод, нээлттэй болж, ашигт малтмал дагасан далд эдийн засаг, авилгалын асуудал бүрэн цэгцэрнэ.

♦ Цаашид зураг төсөв, тооцоо судалгаа, нийгэм, эдийн засгийн үндэслэлгүй төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлэхгүй байх нөхцөл энэхүү реформын хүрээнд бүрдэнэ.

♦  Бид тойрогт шүтсэн тэгшитгэн хуваах зарчмаас илүүтэйгээр улсын орны хөгжлийг тодорхойлох томоохон асуудлуудад төвлөрч ажиллах нь ирээдүйн Монголын хувь заяаг шийдэхэд нэн чухал юм.

♦ Сүүлийн 20 жил түгжрэл гэдэг ерөнхий сэдэв ярьж, багагүй хэмжээний санхүүжилтийг тэгшитгэн хуваарилсан боловч бодит үр дүн гарсангүй. Тиймээс цэцэрлэгийн сугалааны асуудлыг 2022 оны Төсвийн тодотголоор шийдвэрлэж чадсан шиг, 2023 онд нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө хамтдаа хичээцгээе.  

♦ Хотын хэт төвлөрөл багасна гэдэг бол дагуул хотууд болон хөдөө орон нутгийн хөгжлийн асуудалтай салшгүй холбоотой. 2023 оны улсын төсөвт Хөшигийн хөндийн дагуул хотын бүтээн байгуулалтын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр тусгалаа.

♦ Төрийн бодлого ерөнхийгөөс тодорхойд, бас тооноос чанарт шилжицгээе.

♦ Монгол Улс анх удаа 2023 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн өмнө нь эхлүүлсэн нийт төслүүдийг үр ашигтай дуусгах томоохон зорилтыг дэвшүүллээ.

♦ Улсынхаа нэрээр бонд босгож, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг сайтар тооцоолоогүй төсөл хөтөлбөрийг сонгон шалгаруулж, улс орноо дампуурлын эрмэгт аваачсан гашуун түүх дахин давтагдах ёсгүй гэлээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 195 (6927)