Б.ДАРЬСҮРЭН

НӨАТ-ын сугалааны шууд тохирол энэ сарын 12-ны 13:00 цагт Улсын Их Дэлгүүрт явагдахаар болсныг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлээд буй. Энэ удаагийн сугалааг өнгөрсөн сарын 1-30-ны хооронд бүртгүүлсэн төлбөрийн баримтаар явуулах юм.

Сугалааны тохирол зохион байгуулах журамд зааснаар сугалааны машинаас найман бөмбөлөг санамсаргүй байдлаар тус тус үлээлгэн гаргах замаар хөндлөнгийн хяналтын дор зохион байгуулах юм байна.

Сугалааны дугаарын найман цифртэй дараалал болон утгаараа тохирч байвал супер шагналыг олгоно хэмээн заажээ.

НӨАТ-ын сугалааны тохиролд:

1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30 мянгаас таван сая

11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40 мянгаас-10 сая

51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас-30 сая төгрөгийн урамшуулал авах юм.

Татварын Ерөнхий Газраас "Азтан болсон хүнд урамшууллыг олгохдоо төлбөрийн баримтыг цаасаар шаардахгүй" гэв. Өөрөөр хэлбэл, QR кодтой баримтаа И-баримт системд бүртгүүлсэн бол хадгалах хэрэггүй. 

Сугалааны сүүлийн 3-7 орон тохирч азтан болсон бол И-баримт аппликейшны хэрэглэгчийн хэсэгт хандаж, сугалааны тохирлын урамшуулал авах хүсэлтээ баталгаажуулна.

Харин супер шагналын эзэн мөн хэрэглэгчийн хэсэгт хандаж хүсэлтээ баталгаажуулан, харьяа татварын албанд биечлэн очиж, урамшуулал авах хүсэлтээ иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбарын хамт бүрдүүлж өгч байж авах журамтай байна.

Өнөөдрийн байдлаар есдүгээр сард худалдан авалт хийгдсэн 35.662.568 төлбөрийн баримт бүртгэгджээ.

Баасан гарагт Татварын Ерөнхий Газраас "Сугалааг хэрхэн зохион байгуулах талаар олон нийтэд мэдээлэл өгнө" гэв.

Эх сурвалж: www.polit.mn