Б.ОД

Суурь шинэчлэлийн таван цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд намрын чуулганаар онцгой анхаарах талаар УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа. 

Тэрбээр дараах таван бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг амжилттай таван туулах боломжтойг онцлов. 

1.Төсвийн реформыг эрчимжүүлнэ. Төсвийг нээлттэй хэлэлцүүлж, ил тод байлгаж, төсвийн шинэчлэлийн шинжлэх ухааны үндэстэй хэрэгжүүлэх нь намрын чуулганы эхний зорилт мөн. 2023 оны төсвийг хэлэлцэн батлахдаа нийгэм, эдийн засгийн байдалд шинжлэх ухаанчаар дүн шинжилгээ хийж, үр ашиггүй зардлуудыг хэмнэж, үнийн өсөлт, импортын хэрэглээг өдөөх зардал хөрөнгө оруулалтаа царцаан танаж, халамж бүтээмжийн бодлогод шаардлагатай тохиргоо хийж, өрийн тогтвортой байдлыг хангахад юун түрүүнд анхаарна. 

2.Орлогын реформ хэрэгжүүлнэ. Хүн амын орлогыг нэмэгдүүлэх, орлоготой иргэн хөтөлбөр хэрэгжүүлэхэд чиглэж байгаа. Төсвийн байгууллагууд орлого олж, цалингаа нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.  Тогтмол бус орлоготой, аж ахуй эрхлэх амьжиргаагаа өөд татах эрмэлзэлтэй ч барьцаа хөрөнгөгүйн улмаас зээл авч чаддаггүй иргэд олон байна. Эдгээр хүнд зориулсан итгэлийн зээлийг хуульчилж төрийн санхүүжилтээр дэмжих зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Хүнсний ногоо, мод тариалах гэх мэт өрхийн бизнесийг эхний ээлжид итгэлийн зээлд хамруулахаар Монголбанктай Эдийн засгийн байнгын хороо хамтран мөнгө зээлийн бодлогын төсөл боловсруулж байна. 

3.Зарлагын реформ хэрэгжүүлэх зайлшгүй чухал байна. Үр ашиггүй зүйлд мөнгө зарцуулахгүй байх зарчмыг баримталж үр дүн гүйцэтгэлийн санхүүжилтийн зарчимд шилжье. Бүх аймаг, сумын төрийн байгууллагууд гүйцэтгэл үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжиж чадвал зарлагыг оновчтой үр ашигтай болгож хэмнэж чадна. 

4.Аж үйлдвэржилтийг дэмжиж бизнесийн орчныг эрс сайжруулан хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай. Энэ хүрээнд хөрөнгө оруулалтыг эдийн засгийн бүхий л салбарт нэвтрүүлэх нь зүйтэй. Хөгжилд хөтлөх мега төслүүдээ бодитой хэрэгжүүлэх нь чухал. Үндэсний баялгийн сангийн тухай болон Ашигт малтмалын тухай хуулийг хойшлуулшгүй батлах хэрэгтэй. 

5. Чуулган завсарласан үеэр 30 хүртэлх хоног зөвхөн хяналт шалгалтад төвлөрч ажиллаж болно. Ээлжит чуулганаар жилийн хугацаанд хийх хяналт шалгалтын төлөвлөгөөг баталдаг, үр дүнг чуулганаар заавал хэлэлцдэг байх хэрэгтэй. Төсвийн хөрөнгөөр хийж буй бүтээн байгуулалт, төрийн худалдан авалт тендерт олон төрлийн булхай байгааг иргэд шүүмжилдэг. Үүнийг илрүүлэх таслан зогсоох, хууль бус үйлдэл хийсэн этгээдэд зохих хариуцлага оногдуулах нь шударга ёс тогтоох нийтлэг зарчимд нийцнэ. 

Эх сурвалж:www.polit.mn