Р.ОЮУН
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Урлан” булангийн зочноор Польшийн Варшавын их сургуулийн Монгол, Төвөд судлалын тэнхимийн багш Р.Бямбааг урьж ярилцлаа.
-Польшоос ирээд “Бурхан шашин”-ы сэдэвт шуудангийн марк, дугтуй, ил захидал гэсэн тусгай үзэсгэлэн гаргажээ. Үзэсгэлэнг гаргах болсон шалтгаан нь юу вэ?
-“Монгол шуудан” компанийн Үнэт цаасны газраас монгол маркийн 100 жилийн ойг угтаж надад монгол маркийн анхны сэдэв болох бурхан шашинтай холбоотой маркийг гаргаач гэсэн санал тавьсны дагуу Монголын марк дахь бурхан шашны сэдэвтэй маркийн үзэсгэлэнг дөрвөн өдөр олон түмэнд хүргэлээ. Монголын анхны марк нь Элдэв-Очир буюу Нацагдорж гэсэн сэдэвтэй. Энэ нь шашныг билэгддэг марк байгаа. Монголд гарсан бурхан шашны сэдэвтэй, бурхан шашинд холбогдох 80 сэдвийн марк бий. Үүний 20 нь социализмын үед гарсан. 1990 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 40 гаруй сэдэвт бурхан шашны марк хэвлэгдсэн байна. Бурхан шашны сэдэвтэй маркийг дотор нь бурхны, цамын бүжиг, бурхан шашны түүхэн хүмүүс, сүм хийдүүд, бурхан шашны билэгдлүүд гэж хуваадаг.
-Үзэсгэлэнд тавьсан бүтээлүүдийг харахад марк, ил захидал, дугтуйнаас гадна зээгт наамлаар хийсэн бурхан шашны бүтээл ч байна. Өмнө нь ийм үзэсгэлэн гарч байсан уу?
-Урчуудын эвлэлийн хорооноос гаргасан хоёр зээгт наамал, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс Лхам буюу охин тэнгэрийн зээгт наамлыг тавьсан. Монгол шуудан анх удаа Монголын зээгт наамлын урлагаар марк гаргасан. Шинээр гарсан маркийн эх бүтээлүүдийг мөн дэлгэсэн. Сая зээгт наамлын маркийн нээлт үзэсгэлэнтэй давхардсан. Анх удаа бурхан шашны сэдэвтэй маркийн үзэсгэлэн гарч байна. Бурхан шашны сэдэвтэй маркаар монгол марк баяжсан. Тухайлбал, шашныг сахигч их хаадууд, цамын бүжиг, ногоон, цагаан дарь эх, Үндэсний эрх чөлөөний 100 жилийн ойд Богд хаан түүхэн хүнээр орсон байгаа. 1994 онд XIV далай ламын дүртэй, Нобелийн шагнал авч байгааг илтгэсэн маркийг энд тавьсан. Үзэсгэлэнд шуудангийн зориулалттай хэвлэгдсэн маркуудыг дэлгэхээс гадна шивээстэй, шивээсгүй маркууд мөн анхны өдрийн дугтуйнуудыг тавьсан байгаа. Зарим маркийн эх зураг ч бий. Эх зураг нь агуу маркийг бүтээхэд анх зурсан ганцхан хувь зураг байдаг.
Мөн хэвлэх явцад алдаатай гарсан маркууд, шуудангаар захианд нааж дамжсан дугтуйнууд, тухайн сэдэвтэй холбоотой ил захидлууд, Богд хааны Үндэсний эрх чөлөөний 100 жилийн ойд зориулсан марканд Богд хааны зурагтай ил захидал, Богд хааны ордон музейн зурагтай гарч байсан ил захидлууд. Шашны билэгдэлд зориулсан зурагтай ил захидал, марк наасан дугтуйг олон түмэндээ толилууллаа.
-Таныхаар маркаар юуг илэрхийлдэг юм бол?
-Монгол маркийн 100 жилийг угтаж хийж байгаа ажил ч шуудангийн тэмдэгт марк Монголын соёл, түүх, зан заншлыг сурталчилж байдаг. Харахад жижигхэн эрээн цавуутай цаас ч тухайн улсын бүх зүйлийг зургаар илэрхийлсэн бүтээл. Үүнийг залуучууд жижигхэн цавуутай цаас гэдэг талаас нь биш манай улсын түүх, соёл, зан заншлыг энд өгүүлсэн. Энд социализмын үеийн үйл явдлууд бүгд тавигдсан байгаа. Тухайлбал, Ленин, Маркс. Гэтэл дэлхийн хэмжээний үйл явдлууд буюу олимпын тоглолтууд ч бий. Маркан дээрх зургаас тухайн онд болон өмнөх жилүүдэд ямар үйл явдлууд болж байсныг мэдэх боломжтой. Тиймээс залуучууд маань Монголын түүх, соёлыг зургаар илэрхийлсэн маш нандин, үнэт цаас гэдгийг сонирхож цуглуулах хэрэгтэй. Марк цаг хугацаагаар үнэт зүйл болдог.
-Залуучууд үзэсгэлэнг хэр сонирхож байна?
-Нээлтийн өдөр марк цуглуулагч, сонирхогчид ирсэн. Бусад өдөр нь залуучууд ирж үзээд “Яагаад ижил марк тавьсан юм бэ” гэж асуухад нь “Энэ нь маркийн эх загвар. Харин энэ анхны өдөрт нь зориулсан дугтуй, энэ шуудангаар дугтуй, энэ нь хэвлэлийн алдаатай. Харахад ижил ч ялгаанууд нь ийм юм” гэдгийг хэлж өгөхөд “Нээрээ тийм байна” гэж гайхаж сонирхож байсан. Монголын марк цуглуулагчдын холбооны гишүүн биш ч марк цуглуулдаг хүмүүс байдаг юм байна. Зарим нь энэ маркийг олохгүй байгаа. Яаж олох вэ гэж асуусан хүн олон орж ирлээ. Ер нь марк цуглуулдаггүй, сонирхдоггүй хүн гэж байдаггүй юм байна. Бүр жаазтай нь худалдаж авъя гэх хүн ч байсан. Энэ бүтээлүүд хэзээ ч дахин давтагдашгүй, ганц хувилбар учраас худалдах боломжгүй. Харин гүйлгээнд гарсан марк ховор ч байж л байгаа.
-Варшавын их сургуульд ямар хичээл заадаг юм бэ?
-Би Варшавын их сургуулийн Дорно дахины сургуулийн Монгол, Төвөд судлалын тэнхимд 20 гаруй жил багшилж байна. Их сургуульд орчин цагийн монгол хэл, төвөд хэл, Төвөд Монголын зан заншилтай холбоотой хичээл заадаг. Тухайлбал, монгол хэлнийхээ хичээл дээр монгол шуудангийн маркны оныг нь тайлбарлаж, ярилцаад онцлог нь юу вэ, ямар сэдэвтэй гарсан тухай ярьдаг. Польштой холбоотой марк гарсан байвал тайлбарлана. Хүүхдүүдээрээ өөрийнхөө улсын маркны тухай сэдэв бэлдэж ирээд яриарай гэдэг ч юм уу. Монгол, төвөд хэл судалдаг учраас Монгол, Төвөдтэй холбоотой хичээлүүд ордог. Монгол хэл гэхээр зүгээр нэг үг, үсэг, дүрэм заах биш. Монгол хэлний хичээл гэж байгаа ч текст унших, хадаг барих ёс, цагаан сар, наадам хийх, хүүхдийн даахь үргээх талаар албан ёсоор тусгай хичээл заана. Оюутнуудаасаа танайд ийм ёс заншил байна уу гээд өөрсдөөр нь яриулдаг. “Монгол шуудан” компаниас тавьсан хүсэлтийн дагуу амралтаараа эх орондоо ирээд энэ үзэсгэлэнг гаргачихаад буцах гэж байна.
-Польш оюутнууд Монголын талаар хэр сонирхож асуудаг вэ?
-Польшийн Варшавын их сургуульд 100 гаруй жилийн өмнөөс Монголын түүх, соёл, зан заншлыг судалж, монгол хэл судлах ажлыг өнөөдрийг хүртэл хийсэн. Цар тахлын үед Польшийн нэг оюутан дадлагаар ирээд гурван жил болоод хэд хоногийн өмнө буцсан. Мөн хоёр эмэгтэй оюутан МУИС-д дадлагаар ирээд байна. Варшавын их сургуулийн Дорно дахин судлалын танхимаас жилд 2-3 оюутан ирдэг. Манай сургуулийг төгссөн зарим хүүхэд Монголын түүх, соёл, зан заншлаар эрдмийн зэрэг хамгаалсан. Павел гэж оюутан Улаанбаатар хотын нэр, барилга хэрхэн өөрчлөгдсөн талаар судалгаа хийж байсан. Бид нийслэлийнхээ гудамжны нэр, хаяг яаж өөрчлөгдсөнийг тэр бүр мэдэхгүй. Гэтэл нарийвчилсан жагсаалт хийсэн нь их сонирхолтой байлаа. Мөн манай сургуулийг төгссөн багш эмэгтэй ноён хутагт Данзанравжаагийн зохиолыг судалсан хүмүүсийн жагсаалтыг гаргасан.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 29. ПҮРЭВ ГАРАГ. № 188, 189 (6920, 6921)