Б.ДОЛЖИНЖАВ

 

“Зууны мэдээ” сонин “Эмэгтэйчүүдийн манлайлал” булан нээж, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхээр нийтлэлийн бодлогоо тодорхойлон ажиллаж байна. Энэ удаа Сүхбаатар аймгийн Засаг даргын анхны эмэгтэй орлогч, ИТХ-ын тэргүүлэгч Г.Мөнхзаяатай ярилцлаа.

 

-Таны хувьд ИТХ-д дөрөв дэх удаагаа төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа туршлагатай.Төлөөлөгчөөс аймгийн  Засаг даргын орлогчоор дэвшин ажиллахад үүрэг хариуцлага нь илүү нэмэгдсэн болов уу гэж бодож байна?

-Миний хувьд 2008 оноос орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, оролцож эхэлсэн. Ийн 2009 оны нөхөн сонгуулиас хойш дөрвөн удаа аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Мөн Ардчилсан намын дэргэдэх Залуучуудын байгууллага, Эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээр ажиллаж байлаа. Сонгуулийн үр дүн, ажлын туршлага, манлайллыг маань үнэлж Засаг даргын орлогч гэсэн албан тушаалд томилсон болов уу. Сүхбаатар аймаг байгуулагдсанаас хойших 80 жилийн түүхэн дэх анхны эмэгтэй Засаг даргын орлогч болох үед түгших, баярлах гэсэн мэдрэмж зэрэг төрж байлаа. Энэ албан тушаалыг их үүрэг, хариуцлага хэмээн хүлээн авсан. Ажлын хамт олон болон иргэд эмэгтэй хүн Засаг даргын орлогчоор сонгогдсон үйл явдлыг маш таатай хүлээн авсан. Үүнээс шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, жендерийн тэнцвэртэй байдлын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг илт сайжирсныг мэдэрсэн.

-Шинэ албан тушаалдаа томилогдсоноос хойш жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд ямар арга барилаар ажилласан бэ?

-Засаг даргын орлогч маш олон дэд ажлын хэсгийг ахалж ажилладаг. Миний хувьд цаг маш сайн баримталдаг. Мөн аливаа ажлыг төлөвлөсөн цаг хугацаандаа заавал хийхийг эрмэлздэг. Тиймээс асуудал тулгарсан тохиолдолд оновчтой, зөв шийдвэрийг цаг алдалгүй гаргаж, асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхийг зорин ажиллаж байна. Нийгмийн салбар хариуцсан хүний хувьд хүндээ хүрч ажиллах, үр дүнтэй шийдвэр гаргах нь их чухал байдаг.

-Та найман ИТХ-ын тэргүүлэгчээс ганцхан эмэгтэй нь юм байна. Сүхбаатар аймгийн тухайд ИТХ-д зургаан эмэгтэй төлөөлөгч ажилладаг. Ер нь эмэгтэй төлөөлөгчдийн удирдах арга барил, ур чадварын онцлогийг хэрхэн тодорхойлох вэ?

-Эмэгтэйчүүд нэг асуудлын үзүүрээс барьж авсан бол эцсийн үр дүн гарах хүртэл нь тууштай ажилладаг. Тодруулбал, асуудалд хойрго ханддаггүй давуу талыг бусад эмэгтэй төлөөлөгчдөөсөө ажигласан. Гэхдээ удирдах арга барил, ур чадвар хүйсээс бус хувь хүнээсээ хамаардаг гэж боддог.

-Та намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээр олон жил ажилласан. Энэ хугацаандаа ИТХ дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх ямар боломж байгаа гэж харсан бэ?

-Би намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээр 14 жил ажилласан. Энэ хугацаандаа чуулган, уулзалт зохион байгуулж,  эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд олон ажил хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд намын гишүүн эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсэн төдийгүй шат шатны хуралд нэр дэвшигч эмэгтэйчүүдийн тоо өссөн. Ер нь ИТХ дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Аль ч шатны хуралд эмэгтэйчүүдийн төлөөлөл цөөн байдаг нь  хэд хэдэн шалтгаантай гэж боддог. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд ажиллах бүрэн боломж бий. Энэ боломжийг бүрэн дүүрэн ашиглахад  эмэгтэйчүүд бид улс төрийн оролцоо, манлайллаа нэмэгдүүлэн ажиллахаас гадна намын, улс төрийн дэмжлэг хамгаас чухал байдаг. Эмэгтэйчүүдийн идэвхи, оролцоо хангалтгүй байдаг нь шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүд давамгайлах нэг үндэс суурь болдог. Үүнээс гадна гэр бүлийн дэмжлэг, санхүүгийн боломж гэсэн олон зүйл бий. Гэхдээ асуудал тоочоод суухаас илүүтэй улс төрийн оролцоо, манлайллаараа ялгарч чадвал эмэгтэйчүүдэд боломж их бий.

-Та боловсролын салбарын удирдах албанд ажиллаж байсан юм билээ.Өөрийн ажлын туршлагаасаа хуваалцахгүй юу?

-Миний бие ШУТИС-ийн Сүхбаатар аймаг дах салбар сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, сургалтын албаны даргаар ажиллаж байсан. Ингэхдээ 2001 онд намын дэргэдэх залуучууд эмэгтэйчүүдийн байгууллагыг багшлахынхаа хажуугаар хариуцан ажиллаж байлаа. Мөн 2013 оноос аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга, МСҮТ-ийн захирал, АЗДТГ-ын НБХ-ийн даргаар ажиллаж байсан туршлагатай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 29. ПҮРЭВ ГАРАГ. № 188, 189 (6920, 6921)