Б.ДОЛЖИНЖАВ
Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин редакцын бодлогоо шинэчлэн баталж, нийтлэлийн агуулгадаа нийгмийн бүхий л хэсгийн дуу хоолой, үзэл санааг хүргэж, эх сурвалжийн хүйсийн тэнцвэртэй байдлыг хангаж ажиллах, ялангуяа хүн амын 50-аас дээш хувийг эзэлж буй эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэхэд чиглэн ажиллахаар нийтлэлийн бодлогоо тодорхойлсон. Мөн эмэгтэй улс төрчид, бизнес эрхлэгчид, манлайлагчдыг эрэгтэйчүүдтэй эн тэнцүү авч үзэн, тэдний бодлого, үйл ажиллагаа, зорилтын талаар адил тэгш мэдээлж байхыг эрмэлзэнэ хэмээн редакцийн бодлогодоо тусгаад байна.
Энэ хүрээнд бид “Эмэгтэйчүүдийн манлайлал” булангаа эхлүүлж, 21 аймгийн ИТХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь, бодлого тодорхойлох боломж, байр суурийг хүргэж байгаа билээ. Өмнөх дугаартаа Архангай, Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн талаарх мэдээллийг хүргэсэн бол энэ удаа Сүхбаатар аймгийг онцолж байна.
Сүхбаатар аймгийн хувьд ИТХ нь 33 төлөөлөгчтэй. Үүнээс зургаан эмэгтэй төлөөлөгчтэй. Энэ нь нийт төлөөлөгчдийн 18 хувийг эзэлж байна. “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” ТББ-гаас хамгийн сүүлд гаргасан судалгаанд орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 26 хувь нь эмэгтэйчүүд байгаа тухай дурдсан байдаг. Үүнээс харахад Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд эзлэх эмэгтэй төлөөлөгчийн тоо улсын дунджаас бага байгаа нь харагдаж байгаа юм. Мөн найман тэргүүлэгчийн нэг нь эмэгтэй байгаа нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байгааг баталж байна. Тиймээс улсын хэмжээнд нийт удирдах албан тушаалын 36 хувьд нь эмэгтэйчүүд ажиллаж байгаа тоог нэмэгдүүлэхийн тулд аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдөд эмэгтэйчүүдийг дэмжих нь эхний алхам юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 186 (6918)