Б.БАЯРЖАВХЛАН
“Улаанбаатар түншлэл 2022” олон улсын үзэсгэлэн өчигдөр Мишээл экспод нээлтээ хийлээ. Тус арга хэмжээг НЗДГ, ХХААХҮЯ, Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран жил бүр зохион байгуулдаг билээ. Гэвч цар тахлын улмаас гадаадын компаниуд оролцолгүй хоёр жил болсон юм.
Энэ жилийн үзэсгэлэнд Беларусь, Малайз, ОХУ, Тайвань зэрэг улсаас 100 гаруй компани, аж ахуй нэгж оролцож байгаагаараа онцлог байв. Эдгээр аж ахуйн нэгжүүд, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, эм, эмийн бүтээгдэхүүн, боловсрол болон тээвэр логистик, мод бэлтгэл, банк санхүүгийн салбарын бүтээгдэхүүнийг дэлгэж, Монголын хэрэглэгчдэд таниулж байлаа. Харин дотоодын 30 гаруй компани оролцож байв.
Үзэсгэлэнгийн нээлтийг нээж Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга О.Амартүвшин “Цар тахлын улмаас өнгөрсөн жилүүдэд үзэсгэлэнгээ цахимаар хийж байсан. Энэ жилийн хувьд гадаад дотоодын олон компаниуд ирж оролцож байгаагаараа онцлог байна. “Улаанбаатар түншлэл-2022” үзэсгэлэнд оролцож буй бизнес эрхлэгчидтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх, шууд худалдаа хийх боломжийг бүрдүүллээ” гэв.
Энэхүү арга хэмжээний хамгийн гол зүйл нь үзэсгэлэн худалдааны үеэр тусгайлан зассан уулзалтын цэгт гадаадын байгууллагуудтай бизнес уулзалт хийх, хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломжийг зохион байгуулагчдын зүгээс олгож байгаа явдал юм.
ОХУ-ын Эрхүү хотын мод, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Ligar wood компанийн захирал Ж.А.Владимирович: Бид бизнесийн хамтрагчаа олох зорилготой
-Бид бизнесийн хамтрагчаа олох зорилготой Улаанбаатар түншлэл” арга хэмжээнд анх удаагаа оролцож байна. Сибирь бол барилгын материал хийхэд хамгийн тохиромжтой модтой газар. Манай компанийн хувьд тавилга, барилгын материал, паркет зэрэг модоор хийж болох бүх зүйлийг хийдэг. Мөн бид ОХУ-д зардаг үнээрээ бараа материалаа нийлүүлнэ. Тиймээс үнэ өртгийн хувьд маш боломжийн байх болно. Хамтарч ажиллах хүмүүс байвал биднийг зорьж ирээрэй.
Малайз улсаас ирсэн Гал унтраах төхөөрөмжийн Pro Gard компанийн захирал Doris Yeo: Үзэсгэлэн дөнгөж эхэлсэн болохоор хамтрагчаа олж чадаагүй байна
-Монголд анх удаа ирж энэхүү үзэсгэлэнд оролцож байна. Үзэсгэлэн өнөөдөр эхэлсэн болохоор хараахан хамтрагчаа олж чадаагүй байна. Манай галын тоног төхөөрөмжийн хувьд Малайзын 80 хувийг хангаж ажилладаг төхөөрөмж байгаа.
Үзэсгэлэнд оролцогчид ийнхүү ярив.Дотоодын компаниудын хувьд ноос ноолууран хувцас, арьс, ширэн тэлээ, цүнх, хувцас зэргийг танилцуулах худалдаалахаар очсон байлаа. Тэдний хувьд ч мөн гадаад руу өөрсдийн бүтээгдэхүүнээ экспортлох сонирхол байсан юм.
Тус үзэсгэлэн нь энэ сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Тиймээс бизнесийн түншлэгчээ хайж байгаа хувь хүн, аж ахуй нэгж байвал амжиж очоод өөрийн хамтрагчаа олох боломжтой юм байна. Зөвхөн мод, модон бүтээгдэхүүн гэхгүйгээр уул уурхай, хүнд хөнгөн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгслүүд, дарс, хагас боловсруулан бүтээгдэхүүн зэрэг байсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 184 (6916)