Б.БАЯРЖАВХЛАН
Парламентаас Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг анх 2009 онд баталсан. Хууль хэрэгжиж эхлээд 13 жил өнгөрсөн ч өнөөг хүртэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа үйлдвэрлэл технологийн парк байхгүй байгаа нь хуулийн хэрэгжилт хангалтгүй гэж үзэхэд хүргээд байгаа юм. Хууль батлагдсанаас хойшх хугацаанд Засгийн газраас 11 хуулийн этгээдэд паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон боловч өнөөгийн байдлаар долоон паркийн үйл ажиллагаа нь эхлэл төдий, зарим нь хөрөнгө оруулалтаа ч татаж чадаагүй байна.
Энэ нь хөрөнгө оруулалт татах, бизнес эрхлэх тогтвортой орчин бүрдээгүй, паркийн дэд бүтэц, бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдвэрлэж чадаагүй, паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тав хүртэл жилийн хугацаагаар олгохоор хуульчилсан нь хөрөнгө оруулагчид урт хугацаанд хөрөнгө оруулах боломжийг хязгаарлах, болгоомжлол төрүүлэх, хөрөнгө оруулалтыг удаашруулах шалтгаан болсонтой холбоотой. Дээрх шаардлагуудын үүднээс Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн боловсруулах шаардлагатай гэж үзсэн юм.
Тиймээс өнгөрсөн хаврын чуулганаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн тухай хуулийг өөрчлөн баталсан юм. Энэ хуулийн онцлох заалтуудыг хүргэж байна.
-Шинэ хуулиар Үйлдвэрлэл технологийн паркийн эрчим хүч, дулаан, газар, инженерийн шугам сүлжээ зэрэг дэд бүтцийг төрөөс бүрэн шийдвэрлэхээр заасан. Тодруулбал, барилгын материал татахад зам тээвэр хөгжөөгүй, цахилгаан эрчим хүч байхгүй зэрэг асуудал нь Үйлдвэрлэл, технологийн паркийн ажил урагшлахгүй байх хүчин зүйл болж байсан. Тиймээс дэд бүтцийн асуудлыг төрөөс бүрэн шийдвэрлэхээр болов.
-Үйл ажиллагаа нь эхлэл төдий байгаа паркуудын бүтээн байгуулалтын ажил эрчимжих. Тодруулбал, Дарханы арьс ширний үйлдвэр, Нефт боловсруулах үйлдвэр, Өмнөговь аймаг дахь Нүүрс угаах үйлдвэр, Тавантолгойн дэд станцын бүтээн байгуулалтын ажлыг хурдасгах тал дээр ажиллах юм байна. Мөн графикийн дагуу 2024 онд Дарханы арьс ширний үйлдвэр, 2025 онд Нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.
-Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах нээлттэй боломж бүрдэх. Тодруулбал, Кувейт эсвэл Араб зэрэг томоохон улсуудын хөрөнгө оруулалтын санг татаж оруулж ирэх. Энэхүү сангаар дамжуулан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулсан том бүтээн байгуулалтуудыг аж ахуйн нэгжүүдээ санхүүжүүлэн хийлгэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна.
-Шинээр ажлын байр бий болох. Энэ заалтын хүрээнд ШУТИС-тай хамтран Алтанширээгийн нефть боловсруулах үйлдвэрт ажиллах инженерийн ангийг нээсэн байна. Зөвхөн тус үйлдвэрт ашиглагдах тоног төхөөрөмж дээр ажиллах хүүхдүүдийг бэлтгэж байна. Манай улсад боловсон хүчний нөөц хомсдолтой байгаа. Тиймээс боловсон хүчин бэлтгэх тал дээр хуулийн шинэчлэл хийжээ.
-Түүхий эдийг нарийн технологид суурилан боловсруулж нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж экспортлогч улс болох. Тодруулбал, малын гаралтай түүхий эд боловсруулах, экспортлох үйлдвэр, технологийн парк байгуулж, ажлын байрыг шинээр бий болгож, малчдын орлогыг өсгөх зорилготой юм.
-Бүс нутагт үйлдвэрлэл цогцолбор хэлбэрээр хөгжиж нийгэм, эдийн засаг иргэд олон нийтийн аж амьдралд ихээхэн эерэг нөлөө үзүүлэх. Жишээлбэл, говьд өвөл харьцангуй дулаан байдаг. Тиймээс хүлэмжийн аж ахуй эрхлэх сонирхолтой иргэдэд зээл олгох эсвэл хэрэгтэй техник хэрэгслээр хангах, газрыг нь төрөөс олгох зэрэг бүс нутагт нь таарсан үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. № 182 (6914)