Т.САЙХАН

 

Парламент өнгөрсөн нэгдүгээр сард Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тус хуульд төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдах асуудлыг тусгаад байв. Мөн дотоодын зах зээлийн эх үүсвэрийн болон банкны үйл ажиллагааны зардлыг бууруулах, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлд эрх зүйн шинэчлэл болсон юм.  Дээрх хууль, тогтоомжийн хэрэгжилттэй танилцах өчигдөр УИХ-ын  дарга Г.Занданшатар Монголын хөрөнгийн биржид ажиллалаа.

 

Г.Занданшатар: Хөрөнгийн зах зээл төгөлдөршиж төлөвшихгүйгээр эдийн засаг сайжрахгүй

 

Энэ үеэр “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн үнэт цаасны арилжааг эхлүүлэх цан цохих хүндэтгэлийн арга хэмжээ мөн болов.  УИХ-ын дарга Г.Занданшатар “Хөрөнгийн зах зээл төгөлдөршиж төлөвшихгүйгээр зах зээлийн эдийн засаг төгөлдөршиж төлөвших боломжгүй.

Санхүүгийн зах зээлийн хоёр тулгуур баганын нэг нь хөрөнгийн зах зээл. Улсын Их Хурлаас зээлийн хүүг бууруулах стратегийг баталсан. Зээлийн хүүг бууруулахын тулд хөрөнгө оруулалтын бусад боломжит хувилбар буюу хөрөнгийн, хувьцааны болон бондын зах зээлийг хөгжүүлж байж зээлийн хүүгийн стратеги бууруулах зарчмыг баримталсан. Сүүлийн хоёр жилд цар тахлын улмаас эдийн засаг ихээхэн хумигдлаа. Мөн олон улсад үүсээд байгаа таагүй нөхцөл байдлын улмаас тээвэр логистикийн асуудал хүндэрснээр үнийн өсөлт бий болж эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Ийм хүнд хэцүү үед Хөрөнгийн бирж олон улсад хамгийн өндөр өсөлттэй хөрөнгийн биржээр тодорсон. Түүнчлэн банкны салбарын реформыг УИХ-аас хуульчлан хэрэгжүүлж эхлээд байна. Ингэснээр олон нийтийн хараа хяналт, оролцоотой сайн засаглал бүрдэж, төлөвшихөд чухал үүрэг гүйцэтгэх юм” гэлээ.

 

Олон улсад хамгийн өндөр өсөлттэй хөрөнгийн зах зээлээр тодорчээ

 

2021 оны жилийн эцсийн байдлаар зах зээлийн үнэлгээ хөрөнгийн зах зээлийн хөгжлийн 30 жилийн түүхэнд анх удаа 5.98 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 97.47 хувиар өсжээ. Үнэт цаасны арилжаа 1.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.6 дахин өссөнөөр олон улсад хамгийн өндөр өсөлттэй хөрөнгийн зах зээлээр Монгол Улс тодроод байна.

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, банкны компанийн хэлбэрийг өөрчлөн, нээлттэй хувьцаат компани болгосноор хувь эзэмшигчдийн төвлөрөл саарч мэдээллийн ил тод байдал сайжирч, санхүүгийн шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэж, хөрөнгийн зах зээлээр дамжуулан иргэд сул чөлөөтэй мөнгөн хөрөнгөө арвижуулах боломж нээгдэж буй юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. № 182 (6914)