Б.ДАРЬСҮРЭН

Уул уурхайн салбарын 100 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Оюу толгой” компани хамтран “Уул уурхайн долоо хоног 2022” хурлыг зохион байгуулж буй.

Энэ үеэр УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал "Гадаадын хөрөнгө оруулалт бол уул, уурхайг авч явах хамгийн том хэсэг. Гадаадын шууд хөрөнгө оруулалт татахын тулд эрх зүйн орчин төгөлдөржих ёстой. Мөн орон нутагт гардаг уул уурхайн хайгуул, ашиглалттай холбогдолтой асуудал бий. Иргэдэд зөв, тэнцвэртэй мэдээлэл өгч уул уурхайн үйл ажиллагаа явагдаж буй компанийн мэдээллийг нээлттэй ил тод болгох ёстой. Эрх ашиг нь хөндөгдөж буй оролцогч тал бүр хамтран ажиллаж байж энэ асуудлыг урт хугацаандаа шийднэ.

Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалттай холбоотой хийсэн судалгаанаас харахад хөрөнгө оруулагчдын зүгээс хууль эрх зүйн орчин болоод шүүхийн маргаантай байдал одоо хүртэл асуудал болсоор байна. Харин Монгол Улсын улс төрийн байдал сүүлийн таван жилийнхээр тогтвортой буюу эерэг гарсан.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр манай яамнаас өөрсдийн байр сууриа илэрхийлсэн байгаа. Сүүлийн 30 жилд олгосон 50 хайгуулын тусгай зөвшөөрөл тутмын нэг нь л ашиглалт руу шилжсэн байдаг.

Нийт газар нутгийн 3.9 хувьд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа. Монгол Улс геологийн өгөгдлөөрөө дэлхийн ямар ч улстай өрсөлдөхүйц хэмжээнийх. Хөрөнгө оруулагчдыг татдаг хамгийн гол зүйл нь энэ." гэв.

Эх сурвалж: www.polit.mn