Т.САЙХАН
Монгол Улс жилдээ 10 мянга орчим тонн ноолуур бэлтгэх нөөцтэй. 2023 оноос хялгас ялгахаас дээш боловсруулалт хийсэн чанар, стандартын шаардлага хангасан ноолуурыг үйлдвэрлэх болон экспортлохтой холбоотойгоор “Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ыг салбар яамнаас боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар төлөвлөжээ.
Уг зохицуулалт батлагдан хэрэгжсэнээр угаасан ноолуур экспортод гарахгүй, харин 3.880 тонн самнасан ноолуур экспортолж, 2.5 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн борлуулж, салбарын борлуулалтын орлогыг 600-700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоолол гарсан байна. Мөн анхан шатны боловсруулах үйлдвэрт одоогийн байгаа 2200 ажлын байрыг тогтвортой хадгалах, 4400 орчим ажлын байр шинээр нэмэгдэнэ гэдгийг салбар яамнаас мэдээлжээ.
Эх сурвалж:www.polit.mn