Т.БАТСАЙХАН

Монгол Улсад Биржийн бус зах зээл үүсч хөгжсөний нэг жилийн ой тохиож байна. Ойд зориулсан цан цохих ёслол өчигдөр болж, Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Э.Батшугар, СЗХ-ны дарга Д.Баярсайхан нарын хүмүүс оролцож, салбарынханд байр хүргэж байр сууриа илэрхийллээ.  Биржийн бус зах зээл дээр бонд гаргалаа гэхэд хурдан хугацаанд шаардлагатай хөрөнгийг татан төвлөрүүлэх, мөн зардал багатай, мэргэжлийнхэн оролцдог гэдгээрээ онцлогтой юм.  Энэхүү давуу тал, онцлог нь манай улсад хөрөнгийн буюу үнэт цаасны зах зээлийн орон зай, хөгжлийн цаашдын боломж их байгааг харуулж байна гэдгийг салбарынхан онцолж байв.  Тус зах зээл дээр өнгөрсөн хугацаанд 52 компани 66 бонд гаргажээ. Нийт дүн нь нэг их наяд төгрөгт хүрсэн байна.

 

Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Би энэ холбооны тэргүүнээр зургаан жил ажилласан байна.  Багагүй хугацаанд нэлээд их ажил амжуулсан.  Үүний нэг нь Биржийн бус зах зээлийн ололт амжилтын уухай байлаа.  Биржийн бус зах зээл нь хөрөнгө оруулалтыг  татах хамгийн хялбар   бөгөөд хариуцлагатай талбар юм. Тиймээс өнөөдөр бид нэг жилийнхээ ойг нэг их наядын дүнтэй угтаж байгаа ч үүнийг дагасан хариуцлагын асуудал нэн чухал гэдгийг онцолмоор байна. 

Энэ зах зээлд хөрөнгө оруулагчдын итгэл чухал юм. Мэргэжлийн тоглогчдын тусламжтайгаар мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татаж хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх эхлэл үүн дотроо хамгийн чухал нь энэхүү салбарыг зохицуулах  хуультай болсон нь өнгөрсөн нэг жилийн  хугацааны ололт байв.

 

Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Э.Батшугар:

-Дан ганц банкны салбар санхүүгийн зах зээлийн 95 хувийг эзэлж байсан үе бий. Харин өнөөдөр 80 хувийг эзэлдэг болсон. Энэ нь хөрөнгө татах, капитал маркетын салбар маш идэвхтэй хүч түрэн орж ирж байгааг харуулж байна. Өмнө нь тухайн салбарынхан маань дан Хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө татдаг байсан. Яг үнэндээ Хөрөнгийн биржээс компаниуд хөрөнгө татахад хүндрэлтэй байдаг. Нэлээд төлөвшсөн компаниуд л хөрөнгө татах боломжтой. Харин биржийн бус зах зээл өнгөрсөн хугацаанд ойролцоогоор 671 тэрбум төгрөгийн бонд шинээр татсан. Нэг их наядын бүртгэл хийсэн байна. Энэ бол манайх шиг жижиг зах зээлтэй оронд маш том амжилт. Компаниуд заавал уламжлалт байдлаар Хөрөнгийн биржээр дамжихгүйгээр биржийн бус зах зээлийн салбараас хөрөнгө татах аргаа олсон байна. Мөн тэнд мэргэжлийн хөрөнгө оруулагчид ажиллаж байна.

Гарааны бизнес эрхлэгчдэд маань хөрөнгө татах, хөрөнгө оруулагчдаа олох асуудал хамгийн хүндрэлтэй байдаг. Харин одоо гарааны бизнес эрхлэгчид маань биржийн бус зах зээлээс хөрөнгө татах бүрэн боломжтой гэдгийг хэлмээр байна. Хоёрдугаарт, бид энэ салбараа сайн сурталчлах хэрэгтэй. Яагаад гэхээр тодорхой нэг хүрээнээс гарахгүй бондын зах зээлд илүү ашиглаж байна. Инновацын тухай хуульд гарааны бизнес эрхлэгчид хөрөнгө татах бололцоотой, тэр нь заавал бонд гэхгүйгээр хувьцаагаа зарж хөрөнгө босгох тийм бололцоо бий. Гарааны бизнес эрхэлдэг зөв санаа зүтгэлтэй маш олон залуучууд байна. Залуучуудын маань оюун ухаан дэлхийн хэмжээнд үнэлэгдэж чадаж байна. Тэдэнд юу дутагдаад байна гэхээр ердөө хөрөнгө оруулалт л байхгүй байсан. Тэгэхээр биржийн бус зах зээлийн салбар нь тухайн залууст боломжийг олгох нэг талбар юм. Банкнаас болон найз, нөхөд гэр бүлээсээ хөрөнгө татахаас илүү бэлэн капитал зах зээл байна. Үүнийг бид зөв хөгжүүлж, зөв авч явах ёстой.

Гуравдугаарт, энэ биржийн бус зах зээлийн салбар хөрөнгийн зах зээлд маш эрчимтэй хөгжиж байна. Удахгүй Хөрөнгийн бирж маань өөр дээрээ IPO хийх гэж байна. Хэд хэдэн банкнууд мөн Хөрөнгийн бирж дээр IPO хийнэ. Хөрөнгийн бирж дээр заавал гурван жил аудит хийлгэж, 4-5 жил ашигтай ажилласан компани биш зөв санаатай бизнестэй залуучууд маань санаагаа үнэлүүлээд хөрөнгө татах хэрэгтэй. Хөрөнгө оруулагчид маань ч тэдний санал санаачилгыг дэмждэг цаг үе ирсэн. Энэ нь өөрөө манай санхүүгийн зах зээлд маш эерэг нөлөө үзүүлнэ. Тиймээс цаашид бид энэ зах зөв бодлогоор дэмжих ёстой. Олон нийтэд өргөн хүрээнд сурталчлан таниулах ёстой. Мэргэжлийн хөрөнгө оруулагчид бий болсон байна гэдэг нь өөрөө банк санхүүгийн зах зээлд гэрэл гэгээ юм. Гарааны бизнес эрхлэгч, хувиараа бизнес эрхлэгч маань хөрөнгө босгож чадсанаар бизнес нь тэлж, ажлын байр нэмэгдэнэ. Монголд инновацыг авчирна. Цаашлаад манай эдийн засаг дэлхийд өрсөлдөх боломжийг авчрах юм. Уул уурхайгаас гадна санхүүгийн зах зээл нь өөрөө маш том боломж юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 179 (6911)