Т.САЙХАН

Засгийн газар өчигдөр хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргажээ. Энэ талаар  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан нар мэдээлэл хийсэн.  Тэдний мэдээллийг тоймлон хүргэж байна.

 

Д.Амарбаясгалан: Түгжрэлийг бууруулах үндэсний хороо 32 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана

 

 -Сайд нарын ажлын албыг байгуулсан. Тодруулбал, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга орон тооны бусаар ажиллах 10 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд орон тооны таван хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллана. Харин Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга 32 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, Нарийн бичгийн даргаар хотын дарга Д.Сумъяабазар ажиллана. Бас зарим салбарын дэд сайд, яамдын мэргэжилтнүүд ажиллана. Харин Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга 14 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд яамыг олон улсын нисэх буудлаар ажиллаж байсан "Буянт-Ухаа" цогцолбор руу нүүнэ. Одоо нисэх буудлын зориулалтаар ашиглахгүй байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд нөөц нисэх буудлаар ажиллуулах нь нээлттэй байсан. Цаашдаа нисэх буудлын ашиглалтыг хариуцахын тулд жилдээ 10 тэрбум орчим урсгал зардлыг төрөөс гаргах тооцоолол байсан. Нөгөө талаасаа 21 мянган м.кв талбайгаас нисэх буудлаар 10 орчим мянган м.кв нь ашиглах боломжтой. Тийм учраас энэ байгууламжийг үр бүтээлтэй ашиглахаар шинэ яамыг нүүлгэн шилжүүлэхээр болсон.

 

Б.Жавхлан: Дарханы замын хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөлөө

 

-Засгийн газраас импортын зарим бараа бүтээгдэхүүний гаалийн татварын тогтоолд өөрчлөлт орууллаа. Үүнд, цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалийн албан татварын 20 хувийг он дуустал тэглэхээр боллоо. Зам, барилгын салбарын өндөр ачаалалтай улирлын үед дөрвөн цементийн үйлдвэр байдаг ч "Хөтөлийн цемент шохой" үйлдвэр нь засвар хийхээр бүрэн үйл ажиллагаагаа зогсоосон.  Энэ үед цементийн хомсдол зах зээлд үүсч, Дарханы зам болон бусад бүтээн байгуулалтын ажил зогсох эрсдэлтэй тулгарч байна. Тиймээс Засгийн газрын хэмжээнд шийдвэрлэлээ. Улмаар   Дарханы замыг энэ жил хатуу хучилттай бүрэн хөдөлгөөнийг нээх зорилтыг тавьсан. Хэрэв цементийн нийлүүлэлт тасрахгүй бол аравдугаар сарын 31-нд Дарханы чиглэлийн замын хөдөлгөөнийг нээнэ.

 

НДЕГ-ын дарга Д.Зоригтыг чөлөөлнө

 

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна.  Түүнийг албан өрөөндөө мөрийтэй тоглодог гэх мэдээллийг 11-11 төвд иргэдээс өгсөн аж. Энэ дагуу албаны шалгалт хийснээр уг шийдвэрийг гаргажээ.  Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "НДЕГ-ын даргатай холбоотой зургаар баримтжуулсан гомдол 11 11 төвд ирсэн. Тиймээс Ерөнхий сайд яаралтай арга хэмжээ авч, ёс зүйн хариуцлага тооцохыг салбарын сайдад даалгасан. Дүрэм журмаараа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг даргалж байгаа салбарын сайд нь мэргэжлийн агентлагийн даргыг томилж, чөлөөлдөг учир Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үүргийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад өгсөн. Мөн ХЗДХ-ийн сайдад НДЕГ-ын даргыг албан өрөөндөө мөрийтэй тоглоом зохион байгуулсан эсэхийг шалгаж, хамт байсан хүмүүс нь төрийн албан хаагч бол хариуцлага тооцохыг даалгасан" гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 178 (6910)