Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд Монгол Улсын анхны нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын төмөр зам ашиглалтад орлоо. Энэхүү төмөр зам нь Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл 233.6 километр үргэлжлэх гол замтай, жилд 30-50 сая тонн ачаа тээвэрлэн экспортод гаргах хүчин чадалтай юм. Төмөр замын төслийн захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК ажилласан байна.

Эдийн засаг болон байгаль экологид эерэг нөлөөтэй энэхүү замын нээлт өнгөрсөн баасан гарагт боллоо. Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын анхны ачаа тээврийг эхлүүлэх зөвшөөрөл өгөх үеэрээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тавантолгой-Гашуунсухайтын энэхүү ган зам бол Монгол Улсын хөгжил дэвшил, хөрөнгө оруулалтын төмөр судас юм. Хөгжлийн энэ зам монголчуудад өндөр үр ашиг, өргөн боломж нээж, ирээдүйд хөтлөх үүд хаалга байх болно. Төмөр зам ашиглалтад орсноор экспорт нэмэгдэн эдийн засаг тэлж, хөрөнгө оруулалт өсөж, ард иргэдийн аж амьдрал, улс орны хөгжил дэвшилд асар их хувь нэмэр, боломж бололцоо бий болно. Тухайлбал, Тавантолгойн уурхайгаас Ганцмод боомт хүртэлх экспортын ачаа тээврийн зардал дунджаар дөрөв дахин буурах нөхцөл, бололцоо бүрдэж байна. Цаашид тээвэрлэлт жигдэрч, ачилтын байгууламж, хилийн төмөр зам бүрэн ашиглалтад орсноор ачаа тээврийн хүчин чадал 10 сая тонноос 50 сая тонн хүртэл нэмэгдэж, нүүрсний экспортын орлого хоёр дахин өсөх боломж бүрдэнэ гэж мэргэжилтнүүд тооцоолж байна.

Мөн төмөр зам дагасан шинэ амьдрал бий болж, суурьшлын бүсүүд шинээр сүндэрлэн, ажлын байр нэмэгдэж, хот, хөдөөгийн хөгжлийг түргэтгэх амьдралын зам байх болно.

Төмөр зам ашиглалтад орсноор 2000 орчим байнгын ажлын байр шинээр бий болж, Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээ 2-3 дахин нэмэгдэнэ” гэж мэдэгдсэн юм.

Харин төслийн ерөнхий гүйцэтгэгч “Бодь интернэшнл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлснээс дөнгөж хоёр долоо хоногийн дараа цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улс хилээ хаасан. Мөн БНХАУ, ОХУ ч хилээ хааж эхэлсэн. Гэтэл бүтээн байгуулалтын 80 орчим хувь нь импортын бараа бүтээгдэхүүнээс хамааралтай байв. Ийнхүү үүссэн нөхцөл байдалд хурдан дасан зохицож, ажлаа зохицуулах шаардлага тулгарсан. Гэхдээ 28 сарын дотор ажлаа гүйцэтгэж, Монгол Улсын Засгийн газарт Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг хүлээлгэн өгч байгаадаа манай хамт олон баяртай байна. Хамт олноороо маш их бахархаж байна” гэсэн юм.

Мөн үеэр бид Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн ерөнхий гүйцэтгэгч “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаатай ярилцлаа.

-“Бодь интернэшнл” ХХК Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллалаа. Монголын анхны нэгдүгээр зэрэглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил хэзээнээс эхэлсэн талаар ярилцлагаа эхэлье?

-“Бодь интернэшнл” ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийг 2019 оны арванхоёрдугаар сараас энэ оны есдүгээр сарын хооронд амжилттай хэрэгжүүллээ. Манай компани “Тавантолгой төмөр зам” ХХК-тай ерөнхий гүйцэтгэгчийн гэрээ байгуулаад, 2020 оны гуравдугаар сард бүтээн байгуулалтын ажлаа эхэлсэн. Улмаар өнгөрсөн долдугаар сард захиалагчдаа хүлээлгэн өглөө. Захиалагч тал туршилтын тээврээ амжилттай хэрэгжүүлээд, өнөөдөр албан ёсны нээлтээ хийж байна.

-Төслийн талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас БНХАУ-ын Ганцмод хүртэлх 233.6 километр төмөр зам юм. Тус төмөр замыг барьж байгуулснаар “Эрдэнэс Тавантолгой” уурхайн гол бүтээгдэхүүн болох коксжсон нүүрсийг богино хугацаанд өндөр хүчин чадлаар тээвэрлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн төмөр зам ашиглалтад орсноор байгаль орчинд ээлтэй төдийгүй авто замын осол гэмтлийг бууруулах ач холбогдолтой. Мөн авто тээврээс 2-3 дахин хямд өртгөөр тээвэр хийх тул тээврийн зардлыг бууруулна. Энэхүү төмөр зам нь жилд 30-50 сая тонн коксжсон нүүрс тээвэрлэх хүчин чадалтай.

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл нь бүс нутгийн хэмжээний мега төсөл гэдгээрээ онцлог. Төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлуудаас танилцуулахгүй юу?

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь иж бүрэн цогцолбор төсөл. Нийт зургаан багцтай. Төмөр замын үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай бүхий л дэд бүтцийг барьж байгуулснаараа онцлог бөгөөд олон улсын хэмжээнд инженерийн мега төсөл хөтөлбөр гэдэг ангилалд багтаж байгаа. Өртөө зөрлөгүүдийн салбар хэсгүүдийг оролцуулаад нийт 312 километр урт бүхий төмөр зам, гүүр, ус зайлуулах хоолой, мал амьтны гарц, хоёр өртөө, зургаан зөрлөгийн барилга,  270 километр цахилгаан дамжуулах агаарын шугам барьж байгуулсан. Мөн 16 ширхэг зүтгүүр болон 800 ширхэг вагон, тус бүрдээ урсгал болон их засвар хийх боломжтой Депогийн барилга, түлш хадгалах, зүтгүүрийн зэхэлтийн байгууламжийг цогцлоосон. Ийнхүү төмөр замын тээвэр гүйцэтгэхэд бэлэн байдлаар буюу цогцоор нь шийдвэрлэж, бүтээн байгуулалтыг гүйцэтгэснээрээ онцлог юм.

-Энэхүү төмөр зам нь нэгдүгээр зэрэглэлийн, хүнд даацын уулзваргүй зам гэж нэрлэгдээд байгаа. Энэ талаар дэлгэрүүлбэл?

-Төмөр замын төсөл маань Австрали компанийн ТЭЗҮ-д үндэслэж хийгдсэн. Тус ТЭЗҮ нь үйл ажиллагааны үр ашиг тал руугаа илүү анхаарсан байдаг. Ашиглалтын явцад гарах эвдрэл гэмтлээс сэргийлж, хэвийн ажиллагааг найдвартай хангах үүднээс уулзваргүй хийсэн. Харин хүнд  даацынх гэхээр техникийн шаардлага нь илүү нарийн байдаг. Далангийн ажлыг гэхэд 20-30 сантметрийн үе, 98 хувийн нягтаршилтай хийх жишээтэй. Түүнчлэн хийсэн төмөр замаа үер, усны аюулаас хамгаалахын тулд усны нарийн тооцоолол дээр үндэслэсэн. Төмөр замын ачаа тээх чадвараар нь зэрэглэлийг тогтоодог. 30 сая тонноос дээш хэмжээний ачаа тээвэрлэж байвал нэгдүгээр зэрэглэлийн төмөр замд тооцогдоно.

-Монголын хамгийн урт буюу төмөр замын дам нуруут гүүрийг барьсан гэж сонссон?

-Төмөр зам дагуу нийт 16 ширхэг гүүр байгаа. Түүн дотор Монголын хамгийн урт буюу 430 метр төмөр замын дам нуруут гүүрийг барьсан.

-Төсөлд нийт хэчнээн хүн оролцож, хамтарч ажилласан бэ?

-“Бодь интернэшнл” ХХК ур чадвар, гүйцэтгэл, шударга үнэлгээний зарчимд нийцсэн менежментийн бодлогоор ажилладаг. Бид энэ удаа төмөр замын салбарын ууган байгууллага болох “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Оюу Толгой” зэрэг Монголд томоохонд тооцогдох байгууллага, төсөл хөтөлбөрүүд дээр туршлага хуримтлуулсан 5000 гаруй залуучуудтай хамтарч ажилласан. Түүнчлэн тус төслийг “Бодь интернэшнл” ХХК найман охин компани, 624 гаруй туслан гүйцэтгэгчтэйгээ хамтран хэрэгжүүллээ. Мөн гадаадын нэр хүнд бүхий томоохон байгууллагуудтай ч ажилласан. Тухайлбал, Испани улсын Телтроник компани, ОХУ-ын Сибпроммаш үйлдвэр, БНХАУ-ын Beijing Consen Traffic Technology, NSH, Hubei зэрэг гадны компанитай ажиллалаа.

-Төслийг цар тахлын амаргүй цаг үед гүйцэтгэлээ. Дэлхий дахинд тархсан халдвар бэрх сорилт байсан болов уу?

-Цар тахал бол төслийн хугацаанд тулгарсан хамгийн том сорилт байсан. Бүтээн байгуулалтад шаардлагатай бараа бүтээгдэхүүний багагүй хувийг импортоор оруулж ирэх хэрэгтэй байлаа. Гэтэл 2020 оны нэгдүгээр сард БНХАУ-д коронавируст халдвар илэрч, урд хөрш хилээ хаасан. Үүний дараагаар 2020 оны арваннэгдүгээр сард Монгол Улсад цар тахлын анхны тохиолдол бүртгэгдэж, улс хоорондын хил хаагдаж, олон улсын нислэг зогссон. Түүнчлэн дотоодод өвчлөл нэмэгдэж, хатуу хөл хорио ч тогтоосон. Гэхдээ компанийн зүгээс маш нарийн зохион байгуулалттай ажиллаж, бэрхшээлийг давж, төслөө амжилттай хэрэгжүүлсэндээ баяртай байна.

-Цар тахал нэг талаараа сорилт байсан ч нөгөө талаараа боломж байсан байх. Улмаар ажиллах хүчээ 100 хувь дотооддоо шийдвэрлэсэн гэж сонссон?

-Төсөл дээр ажилласан Монгол залуус, инженерүүд томоохон бүтээн байгуулалт дээр ажиллах мэдлэг, туршлага хуримтлуулсан нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн чухал амжилтын нэг. Манай төсөл 100 хувь монгол менежмент, монгол инженерүүдийн нөр их хөдөлмөр, хамтын ажиллагаагаар хэрэгжсэн. Төсөл эхлэх үед дэд бүтцийн угсралтын компанийн сонгон шалгаруулалтыг хийсэн юм. Тухайн үед Солонгосын компани орж ирэхээр болж, ажил гэрээ хийх шатандаа явж байлаа. Түүнчлэн гүүрийг Хятадын компани барихаар гэрээ хийсэн байсан. Гэвч цар тахлын улмаас хил хаасан учир ажиллах хүчээ гаднаас авч чадахгүйд хүрч, монголчууд өөрсдөө бүх ажлыг гүйцэтгэсэн. Ийнхүү монгол залуус энэ хэмжээний төслийг гүйцэтгэж чадах хэмжээний чадвартай болж байна. Гагнуурын технологи ашиглаад, уулзваргүй зам барьдаг төмөр замчид, орчин үеийн дохиолол холбооны систем нэвтрүүлэх инженер, техникийн ажилчидтай боллоо. Ийм хэмжээний мега төсөл хэрэгжүүлэх төслийн менежментийг ч бий болгож чадлаа.

-Төслийн менежментийн талаар дэлгэрүүлэн ярилцъя?

-Ийм хэмжээний төмөр замын бүтээн байгуулалт сүүлийн 60 орчим жилийн хугацаанд манай улсад гүйцэтгэгдээгүй байсан. Түүнчлэн цаг үеийн хүндрэлтэй нөхцөлд ч цаг алдалгүй шийдвэр гарган зардал хэмнэсэн инженерийн болон ажлын шинэлэг арга, аргачлалыг нэвтрүүлэн ажилласан. Тухайлбал, зам төмрийг холбож гагнах явуулын гагнуурын станц өөрсдөө угсарсан. Ингэснээр зүтгүүр болон бусад өөрөө явагч төмөр замын техник ашиглахгүйгээр зам төмрийг холбож гагнах боломжтой болсон. Мөн зам төмөр тээвэрлэх ачааны машиныг төсөлд зориулан бүтээсэн бөгөөд уулзваргүй зам төмрийг гагнах сургалт болон үйлдвэрийн тестүүдийг цахим орчинд гүйцэтгэн, амжилттай хэрэглэсэн.

Өртөө, зөрлөг, депогийн барилгын архитектур дизайныг хамгийн сүүлийн үеийн шийдлээр барьсан төдийгүй зам төмрийг угсрах үеийн машин механизмыг өөрсдөө бүтээж, ашигласан. “Бодь интернэшнл” ХХК төслийн менежментийн хувьд Монголдоо тэргүүлэгч төслийн менежерүүд, төлөвлөгч, координатор болон инженерүүдтэй. Мөн дэлхийн томоохон төслүүд дээр ашиглагддаг программ хангамж, техник тоног төхөөрөмж, арга аргачлалыг нэвтрүүлэн ажиллаж байна.

-“Бодь интернэшнл” ХХК олон улсын хэмжээнд инженерийн мега төслийг амжилттай хэрэгжүүллээ. Компанийн цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Манай хамт олон инженеринг бүтээн байгуулалтын олон улсын төслийн категориараа  мега гэж хэлж болохуйц  төслийг амжилттай дуусгалаа. Энэ нь бидэнд  хийж бүтээх хүсэл, итгэлийг төрүүлж байна. Бид цаашид улс орны эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц үзүүлэх хэд хэдэн төсөл эхлүүлэн ажиллаж байна. Тухайлбал, Монголын хамгийн анхны 13 км урт төмөр замын туннел бүхий “Богдхан төмөр зам” төслийг эхлүүлээд байна. Мөн хамгийн анх нүүрсийг буталж, ангилан хольж, бүрэн автомат удирдлагатайгаар төмөр замын тээврийг тасралтгүй нүүрсээр ханган, вагонд ачих “Тавантолгой нүүрс ачих логистикийн төв” төсөл, Гашуунсухайт хилийн боомт дахь “Шилжүүлэн ачих терминал” зэрэг төслийг хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын баталсан “Алсын хараа-2050” гэж хөтөлбөр бий. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бодит ажил болгоход хувь нэмэр оруулан, Монголдоо анхдагч томоохон бүтээн байгуулалтуудыг хийж гүйцэтгэх алсын хараатай байна.

-Ярилцлагын төгсгөлд их ажлын ард гарсан сэтгэгдлийг тань сонсмоор байна?

-Бидэнтэй хамтран ажилласан бүх туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч байгууллагад болон төслийн хамт олон, төсөл дээр ажилласан хүн нэг бүрийн хөдөлмөрөөр энэхүү төсөл бүтсэн гэдгийг онцолмоор байна. Бидний хамтдаа бүтээсэн түүх гэж хэлмээр байна. Түүнчлэн төслийн захиалагч тал болох “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн алба хаагчдад ажлын амжилт хүсье.

Эх сурвалж: “Зууны мэдэээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 175 (6907)