З.БАТЦЭЦЭГ, Т.САЙХАН

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу энэ сарын 10-наас 12-ны өдөр манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Ли Жаньшу айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхах бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Байнгын хорооны дарга Ли Жаньшуд бараалхаж, хоёр орны харилцаа хамтын ажилллагааны талаар ярилцахаар төлөвлөжээ.

 

ЛИ ЖАНЬШУ ГЭЖ ХЭН БЭ?

 

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу Хан үндэстэн.  1950 оны наймдугаар сард  Хэбэй мужийн Пиншань тосгонд төржээ. 1972 оноос ажлын гараагаа эхэлж, 1975 оны дөрөвдүгээр сард ХКН-д элссэн байна.  Хэбэй багшийн их сургуулийн Улс төрийн боловсролын тэнхимийн оройн ангид суралцаж төгссөн.  Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Одоо тэрбээр ХКН-ын 19 дэх удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны даргаар ажиллаж байна.

 

АЖИЛЛАСАН ТҮҮХ

 

Ли Жаньшу 1971-1972 онд, Шижяжуан дүүргийн Худалдаа, санхүүгийн сургуульд барааны үнийн мэргэжилтнээр бэлтгэгдсэн. 1972-1976 онд, Шижяжуан дүүргийн Худалдааны хэлтсийн ажилтан, дараа нь орлогч дарга, 1976-1983 онд, ХКН-ын Шижяжуан дүүргийн хорооны ажлын албаны мэдээлэл лавлагааны хэлтсийн ажилтан, дарга, 1980-1983 онд, Хэбэй багшийн их сургуулийн Улс төрийн боловсролын тэнхимийн оройн ангид сурсан байна.  Мөн 1983-1985 онд Вүжи хошууны намын хорооны нарийн бичгийн дарга,  1985-1986 онд ХКН-ын Шижяжуан хошууны хорооны нарийн бичгийн даргын орлогч, дүүргийн засаг захиргааны комиссар, 1986-1990 онд Хятадын Хэбэй мужийн Комсомолын хорооны нарийн бичгийн дарга, 1990-1993 онд ХКН-ын Чэндэ дүүргийн хорооны орлогч нарийн бичгийн дарга /Хэбэй муж/ мужийн захиргааны газрын комиссараар ажиллажээ.   Түүнчлэн 1993-1997 онд Хэбэй мужийн ХКН-ын хорооны товчооны гишүүн, Намын хорооны гүйцэтгэх нарийн бичгийн дарга, 1992-1994 онд Хятадын Коммунист Намын Төв Хорооны дэргэдэх Намын Сургуульд эдийн засгийн чиглэлээр эчнээгээр суралцжээ.  1997-1998 онд Хэбэй мужийн ХКН-ын хорооны товчооны гишүүн, хөдөө орон нутгийн ажил хариуцсан дэд дарга. 1998-2000 онд ХКН-ын Шааньши мужийн хорооны товчооны гишүүн, хөдөөгийн ажлын ахлах хэсгийн дэд дарга, Тамгын газрын дарга.  1996-1998 онд  Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Төгсөлтийн дараах сургуулийн Худалдаа санхүүгийн тэнхимд "Аж ахуйн нэгжийн эдийн засаг" мэргэжлээр суралцсан байна.

 

УЛС ТӨРИЙН КАРЬЕР

 

Ерөнхийдөө түүний улс төрийн карьер 2000 оноос нэлээд эрчимжсэн гэж хэлж болно.  Тэрбээр тухайн онд ХКН-ын Шэнси мужийн хорооны товчооны гишүүн, намын хорооны зохион байгуулалтын хэлтсийн даргаар томилогдож 2002 он хүртэл ажиллажээ.  Улмаар 2003-2004 онд ХКН-ын Хэйлунжан мужийн хорооны нарийн бичгийн даргын орлогч, 2004-2007 онд ХКН-ын Хэйлунзянь мужийн хорооны нарийн бичгийн даргын орлогч, мужийн засгийн газрын дэд даргаар ажиллаж байгаад 2005-2007 онд Харбины Политехникийн Их Сургуульд суралцаж, магистр зэрэг хамгаалсан байна.  Ингээд 2010-2012 онд ХКН-ын Гүйжоу мужийн хорооны нарийн бичгийн дарга, мужийн АТИХ-ын дарга. 2012 ХКН-ын Төв Хорооны Тамгын газрын орлогч дарга /сайдын зэрэгтэй/, ХКН-ын Төв Хорооны шууд харьяа байгууллагуудын ажлын хорооны нарийн бичгийн дарга, Гүйжоү мужийн АТИХ-ын дарга,   2014-2017 онд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо, Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, ХКН-ын төв хорооны ажлын алба, Үндэсний аюулгүй байдлын хорооны ажлын албаны дарга, ХКН-ын төв хорооны шууд харьяа байгууллагуудын ажлын хорооны нарийн бичгийн дарга, 2017-2018 онд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны БХ-ны гишүүн, ХКН-ын Төв Хорооны Үндэсний аюулгүй байдлын комиссын албаны дарга. 2018 оноос ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, 13-р сонгуулийн БХАТИХ-ын даргаар сонгогдон ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 174 (6906)