Б.ДОЛЖИНЖАВ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа.

Яриа хэлэлцээний үр дүнд олон жил гацсан Эгийн голын усан цахилгаан станц төслийн асуудлыг НҮБ-тай хамтран шийдвэрлэж, мэргэжлийн шинжээч, судлаачдын баг гарган ажиллуулж Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын усны нөөцөд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, эцэслэхээр тогтлоо.ОХУ-ын зүгээс Эгийн голын усан цахилгаан станцын төсөл болон “ДЦС-З”-ын хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөхөд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.

Монгол Улс ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүнийхээ дийлэнх хувийг импортолдог. Роснефть компанитай хэлэлцээ хийж 1285 ам.долларт хүрээд байсан АИ-92 авто бензиний хилийн үнийг 830 ам.доллар болгон бууруулж, 2022 он дуустал үнийг тогтвортой хадгалахаар болоод байсан. Тус чуулганы үеэр албаны хүмүүс дахин яриа хэлэлцээ хийж АИ-92 авто бензинийг 2027 он хүртэл тогтвортой үнээр буюу 830 ам.доллароор, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар тохирлоо.

Мөн байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутаг дэвсгээр дамжуулах төслийг идэвхтэй хамтран хэрэгжүүлж 2029 онд ашиглалтад оруулахаар ярилцлаа.

Эх сурвалж:www.polit.mn