Т.САЙХАН

Төрийн албаны тухай хуульд долдугаар сарын 5-нд буюу УИХ-ын нэгдсэн чуулган хаах үеэр нэмэлт, өөрчлөлт оруулсан.  Мөн хуулийн өөрчлөлт батлагдсан цагаасаа хэрэгжиж эхэлсэн юм.  Тус хуульд ямар өөрчлөлт орсон тухай мэдээллийг тоймлон хүргэж байна.   Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тэргүүн түшмэлийн албан тушаал, эрхэлсэн түшмэлийн албан тушаал, ахлах түшмэлийн албан тушаал, дэс түшмэлийн албан тушаал, туслах түшмэлийн албан тушаал гэх таван зэрэглэлийн шатлалыг бууруулсан байна. 

Тэргүүн түшмэл буюу яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга: -Төрийн албанд 16-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд наймааас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх гэх заалтыг өөрчилсөн. Ингэхдээ төрийн албанд 16 жил ажилласан байх шалгуурыг 12 жил болгож, эрхэлсэн түшмэлийн албан тушаалд ажиллах хугацааг зургаан жил болгожээ. 

Эрхэлсэн түшмэл буюу яамны газрын дарга, агентлагийн дэд дарга:Төрийн албанд 12-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх гэх шалгуурыг бууруулсан. Ингэхдээ төрийн албанд 12 жил ажилласан байх шалгуурыг найман жил болгосон байна. 

Ахлах түшмэл буюу яамны тасгийн дарга, ахлах шинжээч: Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх гэх шалгуурыг бууруулжээ. Ингэхдээ төрийн албанд найман жил ажилласан байх шалгуурыг зургаан жил болгож, дэс түшмэлийн албан тушаалд дөрвөн жил ажилласан байх шалгуурыг гурван жил болгов. Харин дэс түшмэл, туслах түшмэлд тавигдах шаардлагыг хэвээр үлдээлээ. 

Уг нэмэлт, өөрчлөлтийг Засгийн газраас санаачлан өргөн барьж, өмнө өргөн баригдсан хуулийн төслүүдтэй нэгтгэн баталсан. Ажлын хэсэгт дараах хүмүүс ажилласан байна. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан Ц.Нямдорж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат,

Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг ажиллажээ.

Эх сурвалж:www.polit.mn