Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Владивосток хотноо жил бүр зохион байгууллагддаг Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцож байна. Тус чуулганд Монгол Улс энэ удаа Ерөнхий сайдын түвшинд оролцож байгаа юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд оролцогч дэлхийн 60 улсын төлөөлөгч, хөрөнгө оруулагчдад хандан Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэх замаар эдийн засгаа 10 дахин тэлж, нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар бүс нутагтаа тэргүүлэгч орнуудын нэг болох амбицыг зарласан юм.
Мөн Ерөнхий сайд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн эхний 10 жил болох “Шинэ сэргэлтийн болдого”-ын хүрээнд олон улсын хөрөнгө оруулагчид болон бүс нутгийн улс орнууд, тэр дундаа хөрш хоёр улстайгаа хамтран ажиллах ямар боломжууд байгааг танилцууллаа. Тэрбээр энэ үеэр боомтын сэргэлт, эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах боломжуудыг онцолсон. Тухайлбал, Монгол Улс ОХУ-ын төрийн өмчит “РЖД” компанитай зүүн босоо тэнхлэгийн төмөр зам байгуулах асуудлаар санал солилцож эхэлсэн. Дан ганц, Орос-Хятад төдийгүй, Ази-Европыг холбох хамгийн дөт зам болох уг төмөр зам ашиглалтад орсноор Монгол-Орос-Хятадын ачаа тээврийн эргэлт гурав дахин нэмэгдэх боломжтой. Уг төслийг амжилттай хэрэгжүүлсний дараа баруун босоо тэнхлэгийн төмөр замын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, урьдчилсан ТЭЗҮ-г хийгээд байгааг онцолсон юм. Одоо буй Алтанбулаг-Замын-Үүд төмөр зам дээр баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр зам бий болгосноор Монгол Улс зөвхөн хоёр хөрш төдийгүй Ази-Европыг холбосон олон улсын транзит тээврийн томоохон улс болох боломжтой гэдгийг илтгэлдээ онцолжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 173 (6905)