Б.ГАРЬД

Есдүгээр сарын 1 гэдэг уг нь сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн маань эрдмийн баяр. Гэвч эцэг эхчүүдийн нэлээдийнх нь хувьд гунигтай, бас нэг хэсгийнх нь олон сарын шаналгаа эцэс болдог өдөр. Ийм болоод удсан.

Учир нь манайд сургууль, цэцэрлэгийн хүртээмж муутай. Ялангуяа шинээр орж байгаа хүүхдүүд юу ч үгүй хоцрох магадлал өндөр. Тийм болохоор бараг л наадмаас хойш “онилсон” сургуулийнхаа, эсвэл цэцэрлэгийнхээ гадаа хонох нь холгүй сахина. Хонож ч явлаа. Тэгэхээр хүүхдээ сургуульд нь, цэцэрлэгт нь оруулж чадсан, эсвэл чадаагүй энэ өдрийг угтдаг.

Болоогүй ээ, хүүхдээ бүртгүүлэх гэж цаасан дээр бичээгүй ч тогтсон авлигыг өгөх хэрэгтэй болно.

Харин энэ жил энэ байдал засарчээ. Бүгд л ярьж байна. Ямар нэг ажил бүтэхээр хийсэн эзэн олдоод байдгийн үлгэр ч энд давтагдаж байх шиг байна.

Ер нь бол өнгөрсөн хавар Ерөнхий сайд, БШУЯ, Сангийн яам, Хотын дарга, дүүргийн дарга нар тойрч суугаад цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар ярьсан байдаг.

Тэр үеэр “...Монгол Улсын хэмжээнд бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахад 270 гаруй цэцэрлэг шаардлагатай. Энэ хэмжээний цэцэрлэгийг богино хугацаанд улсын төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй. Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй” гэсэн шийдэлд хүрчээ.

Тэр үеэр цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд Засгийн газраас 200 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон байдаг. Тэгэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...Засгийн газар 100 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд тавиад өгье. Та бүхэн тодотголоо хийгээд 100 тэрбумаа босго. Тэгээд 200 тэрбумын багц арга хэмжээний хүрээнд есдүгээр сарын 1 гэхэд цэцэрлэгийн сугалаа байхгүй, хүүхдүүдийг хамран сургах тойрогт нь цэцэрлэгт хамрагддаг болгоё. Энэ бол 2022 онд багтаан хийх ажил шүү. Шаардлагатай бол 2023 онд нэмж төсөв тавиад өгье. Хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг иж бүрэн шийдье” гэж байсан юм. Энэ нь эхнээсээ ажил хэрэг болж, Боловсролын сайд “...Сугалаагаар бүртгэдэг цэцэрлэгийн тогтолцоог 100 хувь халлаа” гэж мэдэгдэв.

Цэцэрлэгийн бүртгэл нь жижиг юм шиг атлаа нийтээр нь бухимдуулдаг, өрх бүрт асуудал болж очдог байсан учраас олон нийт таатай л хүлээж авлаа.

Нөгөөтэйгүүр, төр ам авдаг, түүнийгээ ингээд хийчихдэг байх нь их зүгээр юм. Оюу толгойг оролдсоор байгаад гэрээгээ нааштай болгож авсан. Хөгжлийн банкны зээлүүдийг хөөцөлдсөөр байгаад дориухан эргэн төлөлт хийлгэсэн. Мэдээж шүүмжлэх асуудал зөндөө л бий. Гэхдээ хийгээд байгааг нь бол хэлэх л хэрэгтэй. Саяхан Засгийн газрын гишүүдийн олонх нь солигдлоо. Аж ахуй эрхэлж байсан улстөрчид аж ахуйн яамдад очив. Сайн муу янз бүрээр л хэлүүлж байна. Гэхдээ боомтын бодлогоо хэрэгжүүлээд, төмөр замаа тавьж, эрчим хүчний төслүүдээ явуулчихвал юу ярихав дээ. Хамгийн түрүүнд Дарханы зам, ирэх өвлийн тог цахилгаан, бензин шатахуун гээд толгой өвтгөж, цэцэрлэгийн сугалаа шиг айлгасан асуудлууд шил шилээ дараад хүлээж л байна. Гэхдээ “...Хийнэ” гээд сэтгэл, зүтгэл гаргавал хийдэг хүч нь төрд байдаг л юм байна лээ шүү.

Нэг үгээр хэлбэл, эд нар "...Хийе" гэвэл хүч нь, "...Болгоё" гэвэл боломж нь төрд бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 2. БААСАН ГАРАГ. № 169 (6901)