Б.ДАРЬСҮРЭН

Монгол Улс энэ онд 552 мянган га-д тариалалт, хүнсний ногоог 12 мянган га талбайд хүргэхээр төлөвлөжээ. Мөн төмс, үр тариа, улаан буудайгаар улсын хэрэгцээг 100 хувь хангах  талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх IV сард болсон “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” үндэсний чуулганы үеэр хэлсэн. Энэ тоо баримт нь хүнсний ногооны 80, тосны ургамлын 40, тэжээлийн ургамлын 80 хувийг дотоодоос хангана. Харин 339 мянган га-д уринш бэлтгэнэ. Улсын хэмжээнд үр тариа 386.1 мянга га-д тариалж 535.8 мянган тонн ургац авах боломжтой гэх тооцоо гарчээ. Хаврын тариалалт хийхэд урьд жилүүдэд сөхөгдөж байсан гол сэдэв үр, бордоо байдаг. Эдгээр нь хоршоо үг мэт хэлэгддэг. Гэвч энэ онд тус тусдаа яригдаж байна. Бордооны хувьд ОХУ-аас импортлоно, энэ ажлыг албаны шугамаар зохион байгуулж байгаа гэж эх сурвалжууд тайлбарлажээ.  Улаанбуудайн хувьд 2021 онд хураан авснаас 95 мянган тонн өнөөдрийг хүртэл борлогдоогүй нөөцөд үлджээ. Газар тариалангийн салбарт улаанбуудайнаас гадна хивэг 15 мянга, гурил 27 мянга тонн, тосны ургамал 40 мянган тонн байгаа гэх мэдээлэл бий. Энэ нь өнгөрсөн онд улаанбуудайг гурилын үйлдвэрүүд их хэмжээгээр импортолсонтой холбоотой аж.

Газар тариаланд дээрх нэр төрлийн бүтээгдэхүүний нэгэн адил яригддаг зүйл нь хуучнаар “тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас олгодог зээл юм. Энэ жил хөдөө аж ахуйд 400 тэрбум төгрөгийн зээл олгохоос 50 хувийг нь газар тариаланд олгохоор шийдвэрлэжээ. Тус бүрд нь авч үзвэл үр тарианд 100, хүнсний ногоонд 50, гурил, тэжээл, ургамлын тос боловсруулах үйлдвэрт 40 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэжээ. Тэдэнд олгох зээлийн хэмжээ энэ жил нэмэгдэж зээлийн хугацаа, хүүнд өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл, зээлийн хугацаа хоёр жил, хүү  хувь байна хэмээн энэ салбарын мэргэжилтнүүд хэлж байв. Арилжааны банкаар олгох зээлийн хүүний зөрүүг Засгийн газар олгохоор болсон.

Улаанбуудайг 362.7 мянган га-д тариалж 504.7 мянган тонныг хураах бол төмс 17.3 мянган га-д тариалж, 171.4 мянган тонныг хураах аж. Харин бусад хүнсний ногоог 12.1 мянган га-д тариалж, 153.2 мянган тонныг авахаар төлөвлөжээ. Ийм хэмжээний тариалалт хийж, ургац алдалгүй хураан авсан нөхцөлд улсын хэрэгцээний хүнсний ногооны 80 хувийг  бүрдүүлэх боломжтой юм. Тосны ургамлыг 66.4 мянган га-д тариалж, 33.2 мянган тонныг хураан авна. Энэ нь улсын хэрэгцээний 40 хувийг хангах боломжийг бүрдүүлнэ.

 

Д.Рэнчинсэнгээ /Монголын Тариаланчдын нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч/:

ГУРИЛ НӨӨЦЛӨХӨӨС ИЛҮҮТЭЙ УЛААНБУУДАЙ НӨӨЦЛӨХ НЬ АШИГ ТУСААР ИЛҮҮ

-Энэ жилийн хувьд тодорхой хэмжээний гурилын нөөц байгаа. Гурил нөөцлөхөөс илүүтэй улаанбуудай нөөцлөх нь ашиг тусаар илүү. Улаанбуудайг зориулалтын агуулахад стандартын дагуу хадгалахад таван жил хадгалах боломжтой бүтээгдэхүүн юм. Бараа бүтээгдэхүүний үнэ гурван сарын өмнөх үеэс 30-40 хувиар нэмэгдлээ. Мөн энэ үед тариаланчдад мөнгөн хөрөнгийн урсгал ихээхэн шаардагддаг. Тариаланчид энэ зардлаа санхүүжүүлж чадахгүй хүнд нөхцөл байдалд намрын ургац хураалтаа эхэлж байна. Учир нь банкууд зээлээ хумьж, зээл гаргахгүй байгаа. Тийм учраас өөр санхүүгийн байгууллагуудаас өндөр хүүтэй зээл авах шаардлага үүссэн. Энэ бүхний ард үйлдвэрлэлийн зардал өсөх  сөрөг нөлөөтэй.

 

Э.Уламбаатар /Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Үр сортын бүртгэл, хангамж хариуцсан Ахлах мэргэжилтэн/:

ТАРИАЛАНГийН ТАЛБАЙ, ХУРААН АВАХ УРГАЦЫН  ХЭМЖЭЭГ НЭМЭХ ЧИГЛЭЛЭЭР ТӨРӨӨС ОЛОН ШИЙДВЭР ГАРГАСАН

-Дэлхийн нийтийг хамарсан цар тахал болон хөрш орнуудад үүссэн мөргөлдөөний улмаас импортын бүтээгдэхүүний нийлүүлэлтэд хүндрэл бий болсон. Энэ үед үндсэн нэр төрлийн таримлын тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэх чиглэлээр төрөөс олон шийдвэр гаргасан. Тухайлбал, Засгийн газрын 2022 оны “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд арилжааны долоон банкаар дамжуулан газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч 450 аж ахуйн нэгж, иргэнд 70.4 тэрбум, хүнсний ногооны тариалан эрхлэгч 970 аж ахуйн нэгж, иргэнд 27.4 тэрбум буюу 1420 бизнес эрхлэгчид 97.8 тэрбум төгрөгийн гурван хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай зээлээр хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлсэн. Мөн Засгийн газрын 2022 оны долдугаар сарын 27-ны 288 дугаар тогтоолоор ургац хураалт, уринш боловсруулалтын ажилд шаардагдах 10 мянган тонн дизель түлшний үнийг хаврын тариалалтын үеийн үнэтэй ижил байлгахаар тооцож, зөрүү дүн болох 6.5 тэрбум хүртэл төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлүүлсэн.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 168 (6900)