Б.ДАРЬСҮРЭН

“Сүү” хувьцаат компани ТУЗ-ийн 2022 оны наймдугаар сарын 18-ны хурлаараа хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилахаар болсон. Энэ тухай тус компанийн Гүйцэтгэх захирал М.Болодтой ярилцлаа.

 

-Ногдол ашиг тараах суурь нь юу байв?

-Өмнөх онуудыг бодвол хувьцаа эзэмшигчдийн тоо нэмэгдэж долоон мянгад хүрсэн. Энэ нь ард иргэдийн компанид итгэх итгэл улам нэмэгдэж буйг илэрхийлж байна. Энэ итгэлийн өгөөжийг улам нэмэгдүүлэх, мөн хувьцааны төвлөрлийг бууруулах зорилгоор хагас жилдээ ногдол ашиг тараадаг байя гэсэн шийдвэр гаргасан. Мөн “Сүү” хувьцаат компани нь Монголын хөрөнгийн зах зээл дээр нэгдүгээр ангиллын хувьцаат компанийн хувьд нийт хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн манай компанид оруулсан хөрөнгө оруулалт өгөөжийг үнэлж байгаа явдал юм. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг есдүгээр сарын 6-ны өдрөөр тогтоож, ашгийг 2023 оны хоёрдугаар сарын 10-ны дотор "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэлээ.

-Ашиг тарааснаар ямар үр дүн гарна хэмээн харж байна?

-“Сүү” хувьцаат компани 2020 оноос эхлэн ногдол ашиг тараасан. Энэ ажиллагаа нь ханшийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэхээс гадна бирж дээрх эргэлтийг сайжруулж байна. Бид хувьцаа эзэмшигч нарт өгөөжтэй ашигтай улам олон хувьцаа эзэмшигтай байх бодлого баримталдаг. Мөн ирээдүйд хувьцааны төвлөрлийг бууруулах зорилгоор шат дараатай арга хэмжээ авах судалгаа, тохиромжтой мөчийг судалж байна.

-Бусад компанийн ногдол ашгаас хэрхэн ялгарч байна вэ?

-Өнөөгийн байдлаар компаниуд Монголын хөрөнгийн зах зээл дээр  жилийн эцсийн санхүүгийн тайлан гарснаар ногдол ашгаа жилд нэг удаа тарааж байгаа. Манай компанийн хувьд хоёр удаа буюу компанийн хагас жилийн тайлан гарснаар үндэслэн нэг удаа, жилийн эцсийн тайлан гарсны дараа дахин нэг удаа ногдол ашиг тарааж байгаа юм. Энэ нь өөрөө өгөөж хүртэх хугацаа богино болж байна гэсэн үг. “Сүү” хувьцаат компани нь ногдол ашиг тараалтын хэмжээгээр эхний 10 компанид орж байгаа өндөр ногдол ашиг тараадаг байгууллага. Өгөөж өндөртэй байгаа нь манай давуу тал болж байгаа.

-Иргэд хувьцаа эзэмшихдээ юуг анхаарвал зүйтэй вэ?

-Иргэд хувьцаа эзэмшихдээ, тухайн хувьцаат компанид хөрөнгө оруулахдаа компанийн үнэ цэн ирээдүйн баталгаа мөн та ашиг олж болох өгөөж буй эсэхийг анхаарч судлах хэрэгтэй. Ингэхийн тулд нэгдүгээр ангилалд байгаа компанийн буюу хувьцаа нь хөрөнгийн зах зээлд идэвхтэй арилжаалагдаж буй компанийг сонгох нь зүйтэй. Идэвхтэй арилжаалахаас гадна тус компанийн хувьцааны савлалт хөдөлгөөн хэр байгааг харах нь чухал. Мөн үйл ажиллагааны тогтвортой байдал, санхүүгийн сахилга бат, эдийн засгийн чадавх чадамж, тайлан зэргийг харах хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 31. ЛХАГВА ГАРАГ. № 167 (6899)