Т.БАТСАЙХАН

УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр хаалтаа хийлээ.  Ээлжит бус чуулган энэ сарын 22-нд эхэлж,  Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар тогтоолтой холбогдуулан Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан.  Тус өөрчлөлтөөр Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний үүргийг  хавсран гүйцэтгэж болно  гэсэн заалтыг хүчингүй  болгосон юм. Улмаар Үндсэн хуулийн дагуу  гүйцэтгэх засаглалын бүрэлдэхүүнийг өөрчилж, өчигдөр чуулганы хаалтын өдөр шинээр томилогдсон сайд нар тангараг өргөж,  ажилдаа орлоо.

 

14 “ДАВХАР ДЭЭЛ”-ТЭЙ САЙД АЖИЛЛАНА

 

Гүйцэтгэх засаглалын бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн дөрөв, чиглэлийн 12 яамтай болов.  Ингэснээр түүхэндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй Засгийн газрыг эмхлэн байгуулж байна.   Мөн шинээр томилогдсон сайд нараас  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас бусад нь “давхар дээл”-тэй болж, орж ирлээ.  Тухайлбал, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар УИХ-ын гишүүн Н.Учрал, Эдийн засаг, хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Зам, тээврийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Эрчим хүчний сайдаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Спорт, олимпизм хариуцсан шадар сайдаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Хот хариуцсан шадар сайдаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нар томилогдож тангараг өргөв. Харин хуучин сайд нараас Сангийн сайд Б.Жавхлан, Шадар сайд С.Амарсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар “давхар дээл”-тэй.  Тэгэхээр энэ Засгийн газарт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй нийлээд нийт  14 хүн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнийг хавсран гүйцэтгэх нь.  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Соёлын сайд Ч.Номин, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарын зургаан сайд “дан дээлтэй” ажиллана.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаа  үндэсний эв нэгдлийг хангасан, шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх амбицтай, чадамжтай сайд нараар танхимаа бүрдүүлсэн гэдгээ хэлсэн. Мөн тэрбээр сайд нарыг тангараг өргөх үеэр “Засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд бүхэлдээ цар тахлыг даван туулах зорилтын төлөө ажиллалаа.  Өнөөдрөөс эдийн засгийг эрчимжүүлэх хоёр дахь багц төлөвлөгөө буюу "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг эрчимжүүлэхээр ажиллана.  Энэ бодлогын хүрээнд ч Засгийн газрын өөрчлөлтийг хийсэн” гэдгийг тодотгосон юм.

 

ШИНЭ САЙД НАРЫН АМЛАЛТ

 

Тангараг өргөсөн сайд нар байр, сууриа илэрхийллээ. 

 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Төрийн анхан, дунд шатанд ажлын гүйцэтгэлд онцгой анхаарч ажиллах зорилго тавьсан. Төрийн бүтээмжийг сайжруулах тал дээр нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэн ажлын ур чадварт үндэслэсэн сайжруулалт хийнэ. Монгол Улс 3.3 сая хүн амтай, цомхон бүтэцтэй атал иргэн, төр хоёрын харилцаа төдийлэн хангалтгүй байдаг. Нөгөө талаар төр, иргэн, ААН-ийнхээ үйл ажиллагаанд дарамт болсон тогтолцоо он удаан жил явж ирсэн. Төр иргэн, ААН-үүддээ аль болох саад болдоггүй, амар тайван амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-Өвөлжилтийн бэлтгэлийг системийн хүрээнд бүрэн хангуулах ажлыг эхний зорилгоо болгоно. Хоёрдугаарт, эрчим хүчний салбар хүндрэлтэй байдалд орсон. Эрчим хүчний салбарын бүтээгдэхүүний өртөг 2019 онтой харьцуулахад 30-аас багагүй хувиар өссөн. Цахилгааны үнэ нь нэмэгдээгүй тул энэ салбар хүндрэлд орсон асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх төлөвлөгөө бий.  Эхний ээлжид ТЭЦ-3-ын өргөтгөлийг энэ ондоо багтаан эхлүүлнэ. Хүчин чадлыг нэмэгдүүлэх турбинүүдыг солино. Тавантолгойн цахилгаан станцын ажлыг энэ онд багтаан эхлүүлэхээр төлөвлөж байна. Тендер нь хоёр удаа зарлагдаад хүчингүй болсон.Амгалангийн цахилгаан станц, Эрдэнэбүрэн, Дорнодын усан цахилгаан станцын өргөтгөл, БНСУ-ын санхүүжилттэй баруун аймгуудад хэрэгжүүлж буй дулааны эх үүсвэрүүдийн төслийг урагшлуулахын төлөө ажиллана.

Нийслэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар:

-Хотын төвлөрлийг сааруулах нь миний үүрэг. Үүний тулд дагуул хот, ойр орчмын улсын зэрэглэлтэй хотууд, зарим аймгийн хөгжил ч хамаарна. Хотын даргатай ажил булаацалдахгүй, зөрчилдөхгүй, сөргөлдөхгүй. Олон сайд дарга нарыг холбож, дэс дараатай шийдвэр гаргуулна. Түгжрэлийн улирал ирэх оны тавдугаар сар хүртэл үргэлжилнэ. Богино хугацаанд хийх ажил бол хөдөлгөөний зохицуулалт, хязгаарлалт юм. Захиргааны арга хэрэглэнэ гэдгийг хэлэх хэрэгтэй. Түгжрэл гамшгийн хэмжээнд очсон. Бидний сэтгэлгээнд ч асуудал байна. Мөн нийслэлд механик өсөлт их байна. Импортын машин их. Эдгээрт бусад сайд нарын анхаарлыг татаж, ажилд нь туслах, нэгтгэх, чиглүүлж салбар дундын зохицуулалт хийж ажиллана.

 

ГУРВАН ЭМЭГТЭЙ ГИШҮҮН БАЙНГЫН ХОРООГ ДАРГАЛНА

 

УИХ-ын зарим байнгын хорооны дарга сайдаар томилогдсон.  Үүнтэй холбоотойгоор Байнгын хороодын дарга нарыг шинээр томилох шаардлага үүссэн юм. Тэгвэл ээлжит чуулганы хаалтын өмнө зарим байнгын хорооны дарга нарыг шинээр томиллоо. Тухайлбал, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргаар Б.Энх-Амгалан, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Б.Саранчимэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Г.Мөнхцэцэг, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар Б.Баттөмөр, Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Э.Батшугар, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Анужин, Төсвийн байнгын хорооны даргаар Г.Тэмүүлэн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Т.Энхтүвшин,  Хууль зүйн байнгын хорооны даргаар Л.Мөнхбаатар, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ц.Цэрэнпунцаг нарыг тус тус томиллоо.  Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Ж.Мөнхбат ажиллана. Энэ удаагийн байнгын хорооны даргын томилгоо жендэрийн асуудалд нэлээд ахиц дэвшил гарсан томилгоо болов.  Учир нь УИХ-ын гурван эмэгтэй гишүүн байнгын хорооны хуралдааныг даргалахаар болж байна.  Ийнхүү УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийв.  УИХ-ын намрын ээлжит чуулган ирэх аравдугаар сарын 15-нд нээлтээ хийх хуулийн хугацаатай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 31. ЛХАГВА ГАРАГ. № 167 (6899)