Б.ДАРЬСҮРЭН

“Зууны мэдээ” сонин Start-Up буланд “Эхийн сэтгэлээр урлав” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч А.Уянгыг урьж ярилцлаа.

 

-Компани байгуулах санаа хэрхэн төрж, “Үр минь” брэнд бий болсон түүхээс хуваалцаач?

-Анх 2017 оны арваннэгдүгээр сарын 8-нд пэйж хуудсаа нээн таних тэмдгүүдээ байршуулж, ноолуур болон цэвэр хөвөн даавуун хүүхдийн хувцас үйлдвэрлэнэ гэх санаан дээр үндэслэж, нэг оёдолчинтойгоор ажлаа эхлүүлсэн. Оёдолчинтойгоо хамт материалаа сонгон загвараа гаргаж, зураг авдаг. Түүний дараа ирсэн захиалгын дагуу оёдог процесстой явж байсан. Хүн хүч дутмаг байсан тул бизнес модел өргөжих боломжгүй байсан гэсэн үг. Яг энэ үед буюу 2018 оны дөрөвдүгээр сард “Шарк танк” нэвтрүүлэг зохиогдох гээд бүртгэл нь явагдаж байсан юм. Улмаар шалгаруулалтдаа тэнцэж, есдүгээр сард “Шарк”-уудын өмнө гарч бизнесээ танилцуулж байлаа. Тухайн үеэс энэ бизнест ирээдүй байгаа юм байна гэж бодоод 100 хувь орсон.

Үүнээс өмнө үндсэн ажлын хажуугаар хийдэг байсан юм. Миний мэдэж авсан зүйл гэвэл жирийн Монгол ээж энгийн хувцас үйлдвэрлэлээ гээд худалдан авагчдын сонголт хийх шалтгаан биш байсан учраас 97 ээжээс судалгаа авсан л даа. Ээжүүдийн хувьд эхлээд материалыг хардаг бол дараа нь тухтай, өхөөрдөм байдалд анхаарч төгсгөлд нь үнэ дээр ач холбогдол өгдөг гэх байдлаар судалгаанд оролцсон. Компанийн албан ёсны үйл ажиллагаа 2019 оны зургадугаар сард эхэлж, үүнээс хойш хоёр удаагийн хөрөнгө оруулалт татжээ. Хоёулахнаа эхэлж байсан бол 20 гаруй ажилтантай, мөн тооны борлуулалтын сувгаар үйл ажиллагаа явуулж байгаа.

-Бизнес гэх амаргүй салбарт хөл тавихад ямар байв. Ойр дотны хүмүүс нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Манай гэр бүл намайг маш сайн дэмждэг. Би өөрөө газрын кадастрийн мэргэжилтэй. Магистрын зэргээ бэлчээр судлалаар хамгаалсан. Гэвч ажлын гараагаа банкны салбараас эхлүүлсэн. Энэ нь бизнесийн салбарт илүү ойр гэж харсан л даа. Гэр бүлийн хүн маань хуульч мэргэжилтэй, бизнес удирдлагын чиглэлээр магистраа хамгаалсан болохоор олон талаараа дэмжлэг болдог. Жишээлбэл, манай байгууллагын хууль, гэрээ, оюуны өмчтэй холбоотой асуудлыг хариуцдаг. Бид хоёр 500 мянган төгрөгөөр анхны хөрөнгө оруулалтаа хийж байсны 200 мянгыг гэр бүлийн хүн гаргасан бол 300 мянгыг нь хадам ээжээсээ зээлж босгож байсан юм. Ажил дээр ч, амьдрал дээр ч их дэм болдог.

-Ажлаа эхлүүлэх явц дундаа зээлд хамрагдаж байв уу. Зээлийн олдоц ямар байсан бэ?

-Бизнес эхлүүлж буй хүмүүсийн хувьд барьцаа хөрөнгөгүй гэх шалтгаанаар зээлээс мултрах тохиолдол элбэг. Манай хувьд эхний хоёр санхүүжилтээ хөрөнгө оруулалтаар шийдсэн бол дараагийн санхүүжилтийг зээлээр шийдсэн. Тухайн үеийн Улаанбаатар хотын банк “Оюуны өмч барьцаалах зээл” гаргаж байсан нь том давуу тал бий болгосон. Банк өөрөө хэрэглэгчдээс найдвартай байхыг шаарддаг. Гэтэл зээлдэгч бизнесээ амжилттай болгох нь эргэлзээтэй. Яагаад гэвэл бизнес эрхлэгч болонгуут 100 хувь итгэлтэй байдаг ч үндэслэж буй мэдээлэл нь дата бага байдаг. Ийм болохоор иргэдийн хууль, татвар, эдийн засгийн мэдлэгийг нь сайжруулж өгөхгүйгээс болоод хохирох нь түгээмэл. Иймээс банк, иргэн хоёрын хэнийг нь ч буруутгах боломжгүй юм. Зах дээр ч хүмүүс бизнес эрхэлдэг шүү дээ. Гэтэл иргэд тэндээс НӨАТ нэхдэггүй хэрнээ биднээс авдаг. Харьцуулаад харахад НӨАТ, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НДШ гэх олон шимтгэл нийлэхээр манай бүтээгдэхүүний 30-40 хувиар өндөр байх нөхцөл бүрддэг. Нөгөө талд нь импортын татвар, НӨАТ, НДШ-ээ төлдөггүй хүмүүс бага дүнгээр илүү борлуулалт хийж буй нь шударга бус тогтолцоог бий болгож байна.

-“Үр минь” брэндийн бүтээг­дэхүүнүүд ямар шат дамжлагаар хэрэглэгчдийн гарт хүрдэг вэ?

-Түүхий эдүүдээ импортоор нийлүүлдэг. Хүүхдийн хувцасны дэлхийн ТОП брэндүүдэд түүхий эд нийлүүлдэг үйлдвэрүүдтэй хамтран ажилладаг. Жил бүр сүүлийн үеийн трэндийн дагуу хүүхдэд ямар байвал зохимжтой вэ гэх судалгаа, хөгжүүлэлтийг хийсний үндсэн дээр материалуудаа гаргадаг гэсэн үг. Манай материал трэндээ дагаад сайжирч буйг илтгэх юм. Сайн түнштэй хамтарч ажилласнаар өөрсдийн чадахгүй зүйлээ хөгжүүлж, давуу талаа болгож чадаж байна. Хэрэглэгчид манай бүтээгдэхүүнийг эсгүүр сайтай гэдэг. Өрхийн эмнэлэг, “Гурван гал” эмнэлгийн дата дээр үндэслээд, Монгол хүүхдийн биеийн онцлогт тохирсон эсгүүрийг гаргаж авдагтай холбоотой.

-Монгол Улсад Старт ап компаниудын хөгжил ямар түвшинд явж байна вэ?

-Старт апуудыг ярихын тулд хамгийн түрүүнд энэ жилийн инвестерүүдийг ярина. Өнөө цагт инвестерүүд нь бэлэн болоогүй байдаг. Би өөрөө итгэл даахуйц хүмүүсээс хөрөнгө оруулалт авч байсан боловч тийм биш хөрөнгө оруулагчид бий. Би өөрийгөө азтайд тооцдог юм. Зөв хөрөнгө оруулагчтай уулзаж чадаагүйгээс шинэ бизнесээ дээрэмдүүлэх тохиолдол олон таардаг. Нөгөө талдаа бизнес нь тогтвортой явахын тулд эхлэл нь чухал. Гэтэл манай улсад яг энэ үед нь хөнгөлөлт урамшуулал байдаггүй. Арай гэж хүний нөөцөө бүрдүүлж, цалин хөлсийг нь олгож байтал НДШ, ХХОАТ-аа төлөөрэй гээд эхлэнгүүт шинээр бизнес эрхлэгчид халширч, шантардаг. Олон улсын жишээг харахад эхний төслийг нь бага дүнгээр санхүүжүүлж, хоёр дахь төсөл сайжирч амжилттай болсон тохиолдолд шат дарааллаар өсдөг. Монгол Улсад энэ тогтолцоо дутмаг учраас бизнес эрхлэгчид өсөн дэвжих боломж нь хумигдмал байдаг юм л даа.

-Шинээр бий болж буй Старт апуудад ямар зөвлөгөө өгөх вэ?

-Нэгдүгээрт, хүн өөрийнхөө юу чаддаг, үгүйг мэддэг байх ёстой. Тэгэхгүйгээр нэг хүний бизнес амжилттай юм шиг харагдангуут дагаад орчихдог. Үүнээс болж бизнес нь бүтэлгүйтвэл хөрөнгө мөнгө, сэтгэл санаагаар хохирох эрсдэл бий болдог. Өөрөөр хэлбэл амжилттай харагдах, бодитоор амжилттай байх нь өөр ойлголт. Монголд түгээмэл байдаг үзэгдэл бол өнгөц харсан ажилд ороод, эцэст нь шантарч “би өсөж дэвжмээр байна, энэ улсаас болж байна” гэх мэт шалтаг тоочих байдал юм. Бизнес эхлүүлсэн нэгэнтэй жилийн дараа уулзахад, “бизнесийн суурьгүй учраас больсон” гээд хэрэглэгч, харилцагчдаа хохироодог нь муу жишээ. Хоёрдугаарт, татвар менежмент гэх мэт суурь ойлголтоо мэдэх хэрэгтэй. Жишээлбэл, сайн эмч байлаа гээд эмнэлгийн дарга болно гэсэн үг биш. Тэр хүмүүс өөрийн гэсэн системийг бүрдүүлдэг арга зүйтэй болсон. Ямар ч талбарт очоод үүнийгээ байнгын хөгжүүлж, хэн нэгнээс хараат бус болгож чаддаг хүмүүсийг хэлнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 30. МЯГМАР ГАРАГ. № 166 (6898)