УИХ-ын гишүүн Бямбасүрэнгийн Энх-Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

 

-Таныг Зам,  тээврийн хөгжлийн сайд байх үеэр Дарханы замын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Гэтэл энэ ажил одоо болтол удааширч, хэл амны бай болоод байна. Холбогдол бүхий хүмүүсийг шалгаж эхэллээ. Таны нэр нэлээд дурдагдлаа. Энэ талаар тодруулж ярина уу?


-Намайг Дарханы замын асуудалд холбогдуулан АТГ-аас шалгаж байгаа, нэгжлэг хийсэн.  УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ гэсэн мэдээ мэдээлэл нийгэмд түгсэн. Шоронд аваачаад хийчихлээ гэж л арай бичээгүй байх. Тийм зүйл болоогүй гэдгийг би өөрөө, мөн АТГ-ын дарга албан ёсоор мэдэгдсэн. Нийгэм, олон нийт одоо зөв ойлголттой болсон байх аа. Намайг Дарханы замын бүтээн байгуулалтыг урагшлуулахын төлөө махран зүтгэсэн үү, зогсоож гацаахын төлөө байсан уу гэдгийг Зам, тээврийн хөгжлийн яамны хамт олон нотлох биз. Түүнээс гадна энэ ажлыг хөдөлгөхийн төлөө шахаж шаардаж, Азийн хөгжлийн банкныхантай удаа дараа уулзаж, гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээг цуцлах хүсэлт тавьж, торгууль алданги тооцох асуудлыг хөндөж, Монголынхоо эрх ашгийг хэр чадлаараа хамгаалж байсныг уулзалт, хурлын тэмдэглэлүүд гэрчилнэ. 

 

-Ингэж  шалгах нь зөв, би өөрийн холбогдол бүхий асуудлаар шалгуулахад бэлэн гэж таныг мэдэгдэхэд өөртөө тун итгэлтэй байна гэж бодогдсон. Зөв үү?


- Төрийн нэг чухал үүрэг бол аливаа хууль бус үйлдлийг шалган тогтоож, зөв бурууг нягталж, гэм буруутантай хуулийн дагуу хариуцлага тооцох явдал. Тэр утгаараа Дарханы замын асуудлыг шалгах ёстой. Түүнд холбогдол бүхий ямар ч албан тушаалтан шалгалтын ажилд саад болж, нөлөөлөх ёсгүй. Асууж тодруулсан бүхэнд үнэн зөв хариулт өгч, баримт нотолгоогоо гаргаж өгөх үүрэгтэй. Би үүнд бэлэн байна. 


-Та яахав, гэм буруугүйгээ нотолчихдог юм байж. Гэхдээ  Зам, тээвэр хөгжлийн яамныханд нэлээд асуудал байгаа юм биш үү?


-Олон улсын том төсөл ажил хэрэг болж, бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнө ихээхэн цаг хугацаа шаардагддаг, шат дамжлага олонтойг бүгд мэднэ. Төрийн ажил өөрийн гэсэн онцлогтой, эрх үүргийн заалт нарийн учраас сайдын орох, орохгүй ажил гэж бий.  Миний хувьд Дарханы замын зээлийн хэлэлцээрт нь ороогүй, гэрээг нь үзэглээгүй, тендер шалгаруулалтад оролцоогүй, шалгарсан компаниудтай гэрээ байгуулаагүй, тендерийг шалгаруулсан төрийн албан хаагчидтай ашиг сонирхлын зөрчилгүй, найз нөхдийн холбоогүй, сайд болохоосоо өмнө таньдаггүй байсан болохоор  өөрийн гэм буруугүйг олон зүйлээр нотолж чадна. Гэхдээ сайд нь байсан хүний хувьд  Зам, тээврийн хөгжлийн яамныхны тухай хэдэн үг хэлмээр байна. Би тангараг өргөсөн төрийн ажилтнууд, салбарын яамныхандаа итгээд нэг ч хүнийг халж солиогүй, хуучин баг хамт олонтой ажилласан. Тэд бол Монголын төр, монгол түмнийхээ төлөө үнэнчээр зүтгэх үүрэгтэй хүмүүс. Хэрвээ энэ үүргээ хөсөрдүүлсэн, буруу хазгай зүйл хийсэн байх юм бол тэр этгээд хуулийн хариуцлага хүлээх ёстой. Тийм тохиолдолд өмөөрч чадахгүй. Үнэнчээр үүргээ биелүүлж ирсэн, ажлаа мэддэг,  шударга, чадварлаг хүмүүс энэ яаманд олон бий. Салбараар нь харааж, харлуулж болохгүй шүү дээ.

 

-Та салбарын сайд байж халуун тогоонд нь чанагдсан хүн. Дарханы замын бүтээн байгуулалтыг авлигаас ангид байсан гэж баттай хэлж чадах уу?

-Би авлига гээч юманд маш харшилтай. Суурь хүмүүжил, сурсан мэргэжил маань шударга амьдар, төрдөө үнэнчээр зүтгэ гэж яс маханд шингэтэл ойлгуулсан. Түүнийгээ л гол зарчмаа болгодог, тийм байхыг бусдаас шаарддаг. Нэгэнт ам нээснийх Дарханы замын асуудлыг шалгаж байгаатай холбогдуулан өөрийн байр сууриа хэлчихье. Энэ шалгалт хэн нэгнийг эсрэг дүрийн баатар болгож, туг тахих үйл ажиллагаа битгий болчихоосой. Асуудлыг үүх түүхээс нь эхлэн ултай суурьтай, цогцоор нь шалгаасай. Хэдийд ямар нөхцөлд анх яригдаж эхэлсэн, талуудын үүрэг оролцоо ямар байсан, гэрээ хэлцэл хэзээ хэрхэн хийгдсэн, түүнд юу тусгагдсан, УИХ-аар соёрхон батлах хүртэл ямар ямар шат дамжлага туулсан, тэр болгонд талуудын байр суурь ямар байсан, тендерийн сонгон шалгаруулалт хэрхэн ямар нөхцлөөр явагдсан, мөнгөний асуудлыг хаана хэн эцэслэн шийдэж байсан, төслийн хөрөнгө санхүүг захиран зарцуулах, хуваарилах, хянах асуудал ямар байгууллага, ямар албан тушаалтны гараар дамжсан гээд бүрэн зургаар нь харж нягталж байж асуудлын үнэн зөв сая тодорно. Би хуулийн байгууллагынханд зааж зааварлах гээгүй, өөрийн бодлоо л хэлж байгаа юм шүү.

 

-Таныг сайд, УИХ-ын гишүүн байх хугацаанд гэр бүлийнх нь хөрөнгө орлого нэмэгдсэн гэж шүүмжилж байгаа. Дан ганц УИХ-ын гишүүний цалингаар ингэх боломжгүй нь тодорхой. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ? 


-Намайг аль эрт бизнест хөл тавьсан хүн гэдгийг олон хүн мэднэ. Хулгай хийж, хууль зөрчиж мөнгө олоогүй, хөлсөө урсгаж, нойроо хоолоо хугаслан зүтгэж байж хөл дээрээ боссон. Бизнес эрхлэхийн зовлон жаргалыг сайн мэднэ. Хуудуутай бизнес, төртэй холилдсон бизнес хол явдаггүйг мэднэ. Тийм болохоор менежмент сайтай, судалгаа төлөвлөлт сайтай зөв бизнес хийх арга зүйгээ манай хамт олон намайг их улстөрд орохоос аль өмнө олчихсон, тэр зам жамаараа явж байгаа. Миний сайных биш, баг хамт олны минь сэтгэл зүтгэлийн үрээр ажил нь өөдрөг сайн яваа. Хөрөнгө орлогоо жил болгон үнэн зөвөөр мэдүүлдэг. Нууж хаах, айж ичих юм өчүүхэн ч байхгүй. 

 


-Бизнесийн салбарын хүн улс төр рүү зүтгэхээр ард түмэн их харддаг. Хардахаас ч аргагүй тохиолдлууд олон гарч байна. Та тэгж хардуулах юм огт хийгээгүй гэж миний нүд рүү харж байгаад ам бардам хэлж чадах уу? 


-Би хаана ч, хэний ч өмнө ам бардам хэлнэ. Намайг ЖДҮ, концесс, Хөгжлийн банк зэрэг дуулиантай асуудлуудад нэр холбогдож яваагүйг ард түмэн мэднэ. Ямар нэгэн тендер, төсөл хууль бусаар авч байсангүй. Лиценз, патентын асуудал огт байхгүй. Яагаад гэвэл “Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээдэг юм шүү. Зөв амьдраарай” гэж Алтайн хөх өвгөд минь ухаан суух цагаас надад захиж өсгөсөн. Би Монгол төрдөө үнэнчээр зүтгэнэ гэж хэдэнтээ тангараг өргөсөн цэргийн хүн, төрийн хүн. Хувь Энх-Амгалангийн тухайд Тэнгэр бурханы хууль гэж нүгэл буяныг ямар ч арын хаалгагүйгээр дэнсэлдэг хамгийн шударгуу хууль байдаг гэдэгт итгэдэг учраас буурлын буяныг бузартуулахгүй, удмын нэрийг гутаахгүй гэсэн хатуу зарчимтай амьдардаг. Үхээд өгөхийн цагт  үр хойчис минь надаас болж ичихгүй амьдраасай гэж хүсдэг. Хэлсэн үг, амласан андгайнаасаа буцах шиг адгийн юм байхгүй.

 

-Одоо хоёулаа арай өргөн сэдвээр ярилцъя. Та бол хоёронтоо УИХ-ын гишүүнээр сонгогдсон төрийн түшээ. Монгол нэг л болохгүй байгаа, асуудал үй түм гэдгийг надаас илүү мэднэ. Хамгийн түрүүнд, хойшлуулшгүйгээр төрийн бодлогоор зохицуулбал зохих тулгамдсан ямар асуудал байна вэ? 

-Та бид 1990-ээд онд нийгмийн том өөрчлөлт хийсэн. Энэ суурь өөрчлөлтийн үр дагавар нь олон зүйл дээр эерэг, сөрөг хоёр талтай илэрч байна. Богино хугацаанд илэрдэг үр дагавар байна, урт удаан хугацаанд илэрч тодордог ч бас байна. Миний санааг Хөдөө нутгийн эзэнгүйдэл, Хүн амын удмын сангийн аюулгүй байдал, Өв соёл уламжлалын асуудал, Байгаль орчны доройтол, Хүмүүжил, боловсрол гэсэн үндэсний аюулгүй байдалтай шууд хамааралтай таван багц асуудал хамгийн ихээр зовоож байна. Хөдөөгийн асуудлаас эхэлье. Хөдөөгийн асуудал гэхээр манайхан мал аж ахуй , газар тариалангаа л ярих. Хүнээ ярьж, хүнээ анхаарч байж энэ бүхэн чинь хөгжинө. Хүн амынх нь 45 хувь хот сууриндаа шавж, нийт газар нутгийнхаа 0.03 хувь дээр амьдардаг байж болохгүй. Хөдөө рүү хүн шахуулж биш, зорьж очдог нөхцөл орчныг бүрдүүлэх хэрэгтэй байна. Төрөөс эдийн засгийн маш том хөшүүргийн бодлого хэрэгжүүлж байж ийм орчныг бий болгоно. 

Зах хязгаар нутагт хамгийн бага, төвийн бүсрүү ойртох тусам нэмэгддэг шаталсан татвартай, төвөөс холдох тусам нэмэгддэг цалингийн тогтолцоотой, хөнгөлөлт, урамшууллын системтэй болчихвол их асуудал шийдэгдэнэ. Алслагдсан бүсэд бизнес эрхлэх, үйлдвэржүүлэх, ажлын байр бий болгоход үзүүлдэг тусгай хөнгөлөлт, дэмжлэгийн бодлого хэрэгтэй байна. Хязгаар нутгийн малчид, тариаланчдыг дэмжих тусгай бодлого хэрэгтэй байна. Энэ бүхнийг төрийн нэгдсэн бодлогоор харилцан хариуцлага, хяналттайгаар хэрэгжүүлбэл хязгаар нутаг эзэнгүйдэх аюулыг зайлуулж чадна.  2021 оны статистикаар Улаанбаатарт хөдөөгөөс 25 мянган хүн шилжиж ирсний дийлэнх нь 20-29 насны, бүрэн дундаас дээш боловсролтой иргэд байна. Энэ тоо юу хэлээд байгааг та надаар хэлүүлэлтгүй ойлгоно. Хөдөөгийн хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлэх цаг болчихжээ. Зам, холбоо харилцаа, тог цахилгаан, мэдээллийн технологи нэг үеэ бодвол харьцангуй сайжирчихлаа. Ая тухтай амьдрах орчин бий болгох боломж нь байна. Чанартай боловсрол, соёл, эрүүл мэндийн үйлчилгээ бий болгох нөхцөл бүрдчихээд байна. Төрийн дунд, урт хугацааны  нэгдсэн бодлогоор тасралтгүй хангаж чадвал төвлөрөл аяндаа саармагжиж, хөдөөгийн хөгжил түргэснэ. 

 

-Хүн амын удмын сангийн асуудал үнэхээр тийм ноцтой байдалд хүрчихээд байгаа гэж үү? 


-Хүн амын удмын сангийн аюулгүй байдалд одооноос анхаарахгүй бол нэг л өдөр  Монгол орших уу, эс орших уу гэдэг дээрээ тулна. Хүн ам цөөтэй бүс нутагт шууд бус цус ойртолтын түвшин сүүлийн 10 жилд бүс нутгаасаа хамаарч 1.2-5.1 дахин өссөн гэсэн судалгаа байгаа. Говь-Алтай, Ховд, Баянхонгор зэрэг аймгийн хил орчмын нутагт амьдран суух хүмүүсийн тоо эрс багассанаас “Хүн амын цөлжилт”  гэж нэрлэхүйц үзэгдэл бий болж,  нутгийн цөөн хэдэн хүмүүс хоорондоо гэрлэж, охид бүсгүйчүүд нь хулжиж, гоонь эрчүүдийн тоо нэмэгдэж байна. Тийм нутгуудаас хүн зугатах биш, зорьж очин амьдардаг орчныг бий болгохыг л би хөдөөгийн хөгжлийн цогц бодлого гээд байгаа юм. Уг нь тэнд эрүүл агаар, үзэсгэлэнт байгаль, амар амгалан гээд хүний амьдралын хамгийн хэрэгцээтэй хүчин зүйлс бүгд байж байна. Эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх боломж нь байна. 

 


-Өв соёл, уламжлалын асуудалд би шинэлэгээр ханддаг. Нийгэм цаг үеэ дагаж өөрчлөгдөх нь зайлшгүй юм биш үү? 


-Яг зөв. Ямар ч ард түмэн нийгэм, цаг үеэ дагаж өөрчлөгдөж байж л дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлнэ. Гэхдээ олон мянганы туршид амьдралын шалгуур даван өдий хүртэл хөгжиж ирсэн өв соёлынхоо охийг нь орчин үеийн хэрэгцээ шаардлагатай нийцүүлэн хадгалж чадсан ард түмэн хождогийн жишээг өндөр хөгжилтэй олон орны жишээнээс харж болно. Яагаад гэвэл тухайн ард түмний оршихуйн язгуур нь өв соёл, уламжлалдаа байдаг. Манай монголчууд уламжлалаа хадгалж байна гээд XX зууны сүүлээр тулганд задгай гал түлээд аргалын утаанд хахаж цацаад суугаад байгаагүй. Гэхдээ галын соёл, ёс уламжлалаа хадгалж, үндэсний ондоошил, онцлогоо авч үлдэж чадсан. Язгуур соёл, уламжлалаа зуунаас зуун дамжуулан хадгалж чадсандаа л бидний цөөхөн монголчууд өнөөдөр хятаджаагүй, оросжоогүй, харийн ямар нэгэн орны соёлын нөлөөнөөс харьцангуй ангид, тэгэхдээ хүн төрөлхтний хөгжлөөс хоцроогүй, Монголоо Монголоор нь авч үлдэж чадсан. Өвөг дээдсээс минь бидэнд үлдээсэн газар нутаг, соёл хэмээх хоёр том өв Монголын тусгаар тогтнолын асар чухал баталгаа учраас төрийн холч бодлогоор хамгаалах ёстой. 

 


-Байгаль орчны асуудлыг амтай болгон ярьдаг. Яриад байгаа болохоор анхаараад байгаа юм шиг, бодит байдал дээр улам доройтоод байгаа юм шиг санагддаг. Таны бодлоор бид ямар бодлого хэрэгжүүлэх ёстой юм бол? 


-Байгаль орчин доройтож байгаа олон шалтгаан байгаа нь мэдээж. Байгалийн хүчин зүйл ч байна, хүний хүчин зүйл ч байна. Гол нь хүний хүчин зүйл. Ялангуяа хэтийн төлөвлөлт, нэгдсэн бодлогогүйгээр уул уурхайн үйлдвэрлэлд хэт шүтсэн нь монгол төрийн том алдаа гэж боддог. Ингэж хэлэхээр намайг уул уурхайг эсэргүүцлээ гээд байдаг юм. Үгүй л дээ, уул уурхайн хөгжилд тээг болох бодол надад байхгүй. Гагцхүү алсын хараатай, хариуцлагатай, үе шаттай, төрийн нэгдсэн бодлоготойгоор газрын баялгаа ашиглая, өнөөдөр юуг нь ашиглах, ирээдүй хойчдоо юу үлдээхээ бодъёо гэж л уриалдаг. Та бид чинь ямар үлийн цагаан оготно биш дээ. Жаахан ухаантай, Эх орондоо, газар нутагтаа хайртай байцгаая л даа. Зэрэг зэрэг ухаад, олборлосон баялагтаа үнэ цэнэ шингээлгүй гадаад руу түүхийгээр нь уралдаж зөөгөөд байгаа чинь ухаант хүний үйлдэл мөн үү. Гадаад, дотоодын баахан хүнд лиценз зөвшөөрөл үнэгүй шахам олгочихсон, нөгөөдүүл нь олон улсын хэмжээнд гар дамжуулан зарж, өрмийг нь цөөн хүн хамж, хусмыг нь ард түмэн долоодог нь шударга ёс мөн үү?  Байгалийн баялаг нөөц нь дуусдаг, нөхөн сэргэдэггүй. Тийм болохоор л би “Дундардаг биш ундардаг баялгаа шүтье. Тархиа ухаж оюун санааны  баялгаа олборлоё. Ургадаг баялаг болох газар тариалангаа хөгжүүлье. Өсдөг үрждэг баялаг болох мал аж ахуйгаа хөгжүүлье. Түүний тулд малчдаа анхааръя, хөдөөгөө анхааръя” гэж олон жил яриад байгаа юм. Мөнгө шүтэж билгийн мэлмий нь хаагдчихсан нийгэмд үгийг минь сонсох хүн цөөн байсан үе бий. Одоо цаг өөр болж байна. Гэнэн хийрхлээсээ салж, илүү прагматик бодлого хэрэгжүүлмээр байна. 


-Монгол хүний хүмүүжил, боловсрол гээд эл дол болсон сэдвийг та чухалчиллаа. Цаг өөр болж, үе солигдож байна. Монголчууд дэлхийн боловсрол эзэмшиж чадаж байна. Сайн сайхан зүйл зөндөө байна. Би бол гэгээлэг талаас нь харж байгаа...


-Таны зөв өө. Монголчууд манж түвдээс өөр гадаад хэлгүй байсан үе бий. Оросоос өөр зайдагнах хэлгүй байсан үе бий. Одоо бол өөр болсон. Тэл хэлтэн тэнгэрт хаддаг үе өнгөрч, олон хэл мэддэг хүмүүсийн тоо эрс нэмэгдлээ. Дэлхийн аль л сайн сургуульд залуус маань суралцаж, боловсрол эзэмшиж байна. Нялхас маань монголоор биш, англиар хэлд орж байна.  Өдтэй бичиг өвөртлөөд өртөө дамжин мориор довтолгодог байсан Монгол түүх болсон нь үнэн. Гэхдээ бид монгол хүнийг монгол хүн болгодог, байлгадаг амин сүнсээ хамтад нь түүх болгочих гээд байгаа учраас л би энэ эл дол болсон сэдвийг чухалчлаад байгаа юм. Та бид амьдралын мөр хөөгөөд бүгд завгүй, үр хүүхдийнхээ хүмүүжилд анхаарч чадахгүй байна. Хүнийг хүн болгодог өвөг ухаанаа үр хүүхдэдээ өвлүүлж чадахгүй байна. Тэр бүү хэл нөгөөх муулаад байдаг социализмын он жилүүдэд төлөвшүүлж чадсан “Нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө” байдаг эрхэм чухаг хүмүүжлийг орхигдуулж, материаллаг байдал, аминч үзлийг дээдэлсэн хувь хүмүүсийг бий болгоод эхэллээ. Энэ бол хожмын урхагтай маш том алдаа. Цэцэрлэг, сургууль, их дээд сургуулиуд өнөөдөр  мэдлэг олгохын зэрэгцээ хүүхдийг хувь хүнийх нь хувьд төлөвшүүлж хүмүүжүүлдэг, нийгэмшүүлдэг, зөв ёс суртахуунтай, эх оронч иргэн хүнийг бий болгодог үндсэн талбар болохуйц цэгцтэй цогц бодлого хэрэгжүүлж эхлэхгүй бол оройтох нь ээ. Энд төрийн оролцоо, зөв мэргэн, тууштай бодлого нэн чухал. 


-Та хоёр дахь удаагаа ард түмний итгэлийг хүлээсэн УИХ-ын гишүүн. Өнгөрсөн хугацаанд энд дурдсан бүхнийгээ ярих биш, хийж хэрэгжүүлэхгүй яасан юм бэ? 

-Яг зөв. Маш чухал асуулт байна. Монгол маань парламентын засаглалд шилжээд гурван арваныг үзжээ. Энэ хооронд бүгдээрээ суралцсан, алдсан, оносон. Улстөрийн намууд ч, хувь улстөрчид ч, сонгогчид маань ч ялгаагүй бүгдээрээ алдаж онож, ухаажиж хэрсүүжиж яваа гэж би хувьдаа боддог. Ерөнхийдөө алдаа нь нэг алхам, оноо нь хоёр алхам болов уу. Уг нь гурав алхах ёстой байжээ дээ. Нэгийг нь алдчихсан нь харамсалтай. Гэхдээ энэ нь та биднийг хойшид алдахгүй байх сургамж болсноороо үнэ цэнэтэй. Халх, ойрд, буриад гэхчлэн бид дотроо ялгардаг ч хилийн дээс алхахаар гадныхан бүгдийг маань л монгол хүн гэж хардаг. Түүнтэй адил энэ тэр нам, ийм тийм өнгөтэй гэж өөрсдийгөө муулж сайлавч том зургаараа бол нэг л дүрэм журамд захирагддаг, Монголынхоо сайн сайхны төлөө гэсэн нэгдмэл зорилготой нэг л тогооныхон. Нэг дүрэм журам гэдэг маань олонхийн саналаар асуудлыг шийдэх ардчилсан зарчим. Тийм болохоор нийгмийн олонхи, шийдвэр гаргагч, хууль тогтоогчдын олонхи аль аль нь асуудлыг бүрэн гүйцэт ойлгож байж л зөв шийдэл рүү явна. Ярьж хэлж ойлгуулах ч бас нэг чухал ажил шүү. Монгол Улсын язгуур эрх ашгийг нэгдүгээрт тавьж, амин хувийн ашиг сонирхлоо хамгийн сүүлд эрэмбэлэх ёс суртахуун надад байдаг учраас үндэсний аюулгүй байдалд халтай асуудлаар парламентын танхимд байр сууриа байнга илэрхийлдэг, энэ асуудлаар аль болох сонор соргог байхыг хичээдэг. Харин олон нийтэд хандан, хэвлэл мэдээллээр энэ бүхнээ нэг их дэлгээд байдаггүй. Өөрөө асуусан учраас байр сууриа товчхон илэрхийллээ. Түүнээс биш яриад дуусахгүй асуудал шүү дээ. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 165 (6897)