Б.ДАРЬСҮРЭН
Азийн Хөгжлийн банкнаас эдийн засгийн хүндрэлийн сөрөг нөлөөллийг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газарт 100 сая ам.долларын яаралтай тусламжийн зээлийг баталлаа.
ОХУ-Украины хямралт нөхцөлт байдал болон COVID-19 цар тахлаас үүдэлтэй БНХАУ-аас хэрэгжүүлж буй хилийн хорио цээрийн дэглэм нь Монгол Улсын эдийн засагт хүндрэл учруулж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газар хүн амын эмзэг бүлгийг дэмжих, инфляцын дарамтыг бууруулах, мөн макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор Мөчлөг сөрсөн хөгжлийн зарцуулалтын хөтөлбөрийг боловсруулсан.
"Энэхүү зээл нь эдийн засгийг тогтворжуулах Засгийн газрын арга хэмжээг дэмжих болно” гэж Азийн Хөгжлийн банкны Зүүн Азийн газрын Санхүүгийн салбарын мэргэжилтэн ноён Петер Розенкранз онцлов.
Монгол Улсын урсгал тэнцлийн алдагдал өсөж, гадаад валютын нөөц дэх дарамт, санхүүжилтийн хэрэгцээ нэмэгдэж байна. Түүнчлэн хүнс, шатахууны үнийн өсөлт нь иргэдийн худалдан авах чадварыг бууруулж, ядуурлыг нэмэгдүүлж, энэ оны зургадугаар сарын байдлаар улсын хэмжээнд инфляц 16.1 хувь болсон.
Улаанбаатар хотын дөрвөн хүн тутмын нэг нь ядуурлын шугамаас доогуур амьдардаг. Эдгээр өрхүүд нь нийт орлогынхоо 43 хувийг хоол хүнсэндээ зарцуулдаг бол ядуурлын шугамаас дээш өрхүүд орлогынхоо 32 хувийг зарцуулдаг байна.
Хатуу хөл хорионд хамгийн ихээр өртсөн үйлчилгээ, хүнсний үйлдвэрлэл, бөөний болон жижиглэнгийн худалдаа зэрэг цалин хөлс харьцангуй багатай салбарт эмэгтэйчүүд гол төлөв ажилладаг. Иймд энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын нийт өрхийн 64 хувьд хамаарах 1.2 сая хүүхдэд шууд мөнгөн дэмжлэг болж хүрэх юм.
Тус хөтөлбөр нь энэ оныг дуустал бага цалинтай ажиллагсдын төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгох, цалингийн доод шатлалд хамаардаг төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 8.5 хувиар нэмэгдүүлэх зэрэг төрөөс хэрэгжүүлж буй бусад арга хэмжээг мөн дэмжинэ. Мөн амьжиргааны түвшин доогуур байршлуудад амьдарч буй 16 мянга орчим бага насны хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг болох талаар Азийн Хөгжлийн банк мэдээллээ.
Эх сурвалж: www.polit.mn