Д.ДАРАМБАЗАР
Энэтхэгийн Ченнай хотод болсон дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад амжилттай оролцсон баг тамирчдыг БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан хүлээн авч шагнаж урамшууллаа. Энэ үеэр дасгалжуулагч С.Ган-Од, Д.Батсүрэн, тамирчин Б.Гүндаваа, Г.Амартүвшин, С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, А.Энхтуул, Б.Баярмаа, Т.Мөнхзул, Д.Мөнхзул, Б.Мөнгөнзул нарыг Биеийн тамир, спортын улсын хорооны Жуух бичгээр шагнав. Мөн их мастерын болзол биелүүлсэн Т.Мөнхзулыг Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолын дагуу мөнгөн урамшуулал болох 30 сая төгрөгийн батламжийг гардуулав.
Д.Жаргалсайхан дарга Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэлхийн шатрын олимпиадад өндөр амжилт үзүүлсэн баг тамирчидадаа хандан баяр хүргэж, амжилт хүссэнийг энэ үеэр уламжилсан юм. Тэрбээр “Манай улс шатрын шигшээ багтай. Үүнийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ жил төсвийн хэмнэлтийн хуулийн дагуу зардал мөнгө тааруу байгаа нь үнэн. Гэхдээ ирэх жилээс сайжрах байх. Сангийн яам дээр Биеийн тамир, спортын байгууллага, шигшээ багийн төсвийг хамгаалахаар ажиллаж байна. Тиймээс цаашид шатрын шигшээ баг өргөжих, олон улсын тэмцээнд оролцох, бэлтгэл сургуулилт хийх нөхцөл бололцоо бүрдэнэ гэж үзэж байна.
Энэ удаагийн шатрын олимпиадад дөрөвдүгээр ширээнд тоглосон тамирчин алтан медаль хүртлээ. Их мастер, ОУ-ын мастерын болзолыг манай тамирчид хангалаа. Манай баг тамирчид маш сайхан амжилт үзүүллээ” гэв. Манай тамирчдаас дөрөвдүгээр ширээнд тоглосон Б.Мөнгөнзул алтан медаль хүртсэн бол Т.Мөнхзул их мастерын болзол хангасан. Тэмцээний үеэр Г.Амартүвшин Б.Мөнгөнзул нар Олон улсын мастер цолны болзол хангасан бол Б.Нямдаваа Олон улсын шүүгчийн болзолийг биелүүлсэн юм.
Эх сурвалж: www.polit.mn