Т.САЙХАН

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  Энэ үеэр тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн  Ж.Мөнхбат,  УИХ-ын гишүүн  С.Одонтуяа нар хуулийн төсөлд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.  Тэдний байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Цэцийн шийдвэр эцсийнх учраас хуулиудад өөрчлөлт оруулна

-Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр гарсан. Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байдаг хуулийн заалттай.   Өмнө нь улс төрийн түүхэнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр Их суудлын хуралдааны шийдвэр гарч, хүчингүй болгож байсан түүх байхгүй. Тиймээс Цэцийн дүгнэлтийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг тал дээр учир дутагдалтай байна.   Ямартай ч Үндсэн хуулийг хүчингүй болгосонтой холбоотойгоор УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан.  Ингэснээр Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хэлэлцэх дэг тодорхой болох юм. Дэлхий дээр Үндсэн хуулийн цэцтэй улс орнууд цөөнгүй байдаг.  Тэдгээр улсын зарим нь цэцийнхээ шийдвэрийн агуулгыг хянадаг бол зарим нь огт хянахыг нь хориглодог улс ч байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:  Будлиантай шийдвэр гаргадаг цэцийн гишүүдээ огцруул

-Манай намын гишүүд зөв юмыг нь дэмжээд бурууг нь шүүмжлээд явдаг. Үндсэн хуулийн цэц, хараат байдлаар шийдвэр гаргадаг болчихлоо. Гэтэл бид цэцийн шийдвэрийг хэлэлцэхгүй гээд зогсож байгаа нь буруу. Өнгөрсөн жилүүдэд Монголын төрийн цэц хямраасан. Цэцийг дураар нь дургиулахгүйн тулд Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хянахгүй гэж заасан байсныг цэц өөрөө хүчингүй болгосон. Ямар мундаг байгууллага вэ. Бид нартай ганц үг ярьсан юм уу. Би бол цэцийн шийдвэрт итгэхгүй. Тиймээс цэцийн будлиан гаргадаг гишүүдээ ажлаас нь хал, огцруул. Үндсэн хуульд Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хянахгүй гэж оруулж өг.Хоёрдугаарт, МАН-ынхан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амжихгүй. Зөвхөн давхар дээлээ шийдээд явна гэж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ярьж байгаа бол нэг мөр өөрчлөлтөө яриад явах хэрэгтэй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ганцхан давхар дээлээр хийнэ гэж байхгүй шүү. Үүнд би хатуу байр суурьтай зогсоно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 163 (6895)