Б.ОД

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, энэ хуулийг дагаж мөрдөх Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, Л.Мөнхбаатар, Ш.Раднаасэд нар өнөөдөр (2022.08.24)  УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Үндсэн хуулийн цэц наймдугаар сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж, Монгол Улсын Үндсэн хуулийн зохих зүйл хэсэгт нийцээгүй гэж үзэн хүчингүй болгохоор эцэслэн шийдвэрлэсэн.

Гэтэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эцсийн болохын хувьд Үндсэн хуульд орсон өөрчлөлтийн уг эхийг нотлох, хадгалах, албан ёсны эх болгох, цаашилбал Үндсэн хуульд кодификац хийх, хэлэлцэн шийдвэрлэх хууль, эрх зүйн боломжгүй байгаа тул Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн хууль санаачлагчид танилцууллаа.

Эх сурвалж:www.polit.mn