Т.САЙХАН

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын байр суурийг хүргэж байна.

 

-Засгийн газраас Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барихаар боллоо.  Энэ хуулийн төслийн талаар тодруулахгүй юу?

- Өнгөрсөн хугацаанд газартай холбоотой эрхзүйн орчныг шинэчлэх асуудлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн онд Засгийн газраас Хот байгуулалтын тухай хуулийг өргөн барьсан. УИХ-аас энэ хуулийг Газрын багц хуультай уялдуулахаар шийдсэн. Хүний нүдэнд ил харагддаггүй ч газартай хамгийн их холбоотой байдаг Геодези зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барих гэж байна. Энэ хууль 1997 онд батлагдсан. Одоо мөрдөж байгаа хууль гурван бүлэг, 15 зүйлтэй байсан бол шинэчилсэн найруулгаар зургаан бүлэг, 34 заалттай болж нарийссан. Геодези бол улс орны хөгжлийн үндсэн суурь юм. Геодезийн тоон үзүүлэлт дээр суурилж бүтээн байгуулалт явагддаг. Тухайлбал, Улаанбаатар хотод өнгөрсөн хугацаанд 360 гаруй геодезийн цэг тэмдэг байсан. Өмнөх 30 жилийн хугацаанд маш олон барилга баригдаж, зам тавигдсанаас дээрх 360 гаруй геодезийн цэг тэмдгийн тал нь устаж үгүй болсон. Эдгээр цэг тэмдэг байхгүй болсноор хот төлөвлөлтөд сөргөөр нөлөөлж байдаг. Тухайлбал,  өндөржилтийн цэг байхгүй болсноор тухай төсөлд хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүд газрын урууг харж барилгаа өндөр барьснаас үүдэн ус зайлуулах хоолой нь авто зам болж хувирсан. Тиймээс геодезийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах шаардлага үүсэж байгаа юм.

-Ямар өөрчлөлтүүд хийх вэ?

-Шинэчилсэн хуулиар мэдээллийн санг нэгтгэж байгаа. Хоёрдугаарт, мэдээллийг нийтийн болон тусгайлсан гэж ангилдаг болно. Ингэснээр зарим нууцлалтай газрын зураг, мэдээллийг ил болгож иргэн, аж ахуйн нэгж ашиглах боломжтой болох юм. Монгол Улс нутаг дэвсгэрийнхээ 45 орчим хувийг 25 мянгын нарийвчлалтай масштаб зургаар хийж гүйцэтгэсэн байдаг. Үлдсэн 55 орчим хувийг хийж гүйцэтгэх ёстой. Энэ зураг байснаар томоохон төслүүд хэрэгжих үндэс суурь болох юм.

-Төв цэвэрлэх байгууламжийн асуудал олон нийтийн анхаарал татаж байна.  Ажил нь хэр явж байгаа вэ?

-БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр төв цэвэрлэх байгууламжийн ажил хийгдэж байгаа. Барилгын явц 47 хувьтай байна. Цемент нийлүүлэх урт хугацааны гэрээг хийсэн тул хүндрэл гараагүй. Одоо бидэнд үүсэх хүндрэлтэй асуудал гэвэл энэ төсөлд 800 гаруй чингэлэг орж ирэх ёстой. БНХАУ-тай зохицуулалт хийхээр ажиллаж байна. Мөн чингэлэгт багтахгүй том төхөөрөмжүүд бий. Төлөвлөгөөнөөс 10 хувийн хоцрогдолтой явна. Бүтээн байгуулалтаас гадна боловсон хүчнийг сургаж бэлтгэх асуудал тулгамдаад байгаа. Төв цэвэрлэх байгууламж болон хаягдал усыг боловсруулах нарийн технологитой үйлдвэрүүд ашиглалтад орно. Гэтэл тэнд ажиллах ихэнх боловсон хүчин ЗХУ-д боловсрол эзэмшсэн хүмүүс байдаг. Шинээр боловсон хүчин сургахгүй бол шинэ технологийг ажиллуулах хүн үгүй бол хэцүү. Тиймээс цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын усан хангамжийн чиглэлээр сурах оюутнуудыг төрөөс бодлогоор дэмжиж бэлтгэхгүй бол байшин болсон ч дотор ажиллах хүчний хомсдолд орох вий гэдэг эрсдэлийг тооцоолж, одооноос анхаарч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 158 (6890)