Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Т.Доржханд, ХҮН-ын гишүүн Д.Үүрцайхын хамт  2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр баталсан “Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно” гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэцэд гомдол гаргасан. Түүний гомдлыг Үндсэн хуулийн цэц өчигдөр Их суудлын хуралдаанаар хянан хэлэлцээд уг заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна. Энэ талаар Т.Доржханд гишүүн мэдээлэл хийж байр сууриа илэрхийлээ. Тэрбээр ". Үндсэн хоёр асуудал хэлэлцэн тогтоол гаргалаа.  Нэгд, 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт буюу "Засгийн газрын гишүүдийн дөрөв нь УИХ-ын гишүүн байна" гэсэн нь Үндсэн хуулийнхаа анхны зорилготой нийцэж байгаа эсэхийг хэлэлцлээ. Үүнийг иргэд давхар дээл гэж ярьдаг. Засгийн газрын тэргүүн нь багаа бүрдүүлээд тогтвортой үйл ажиллагаа явуулахын тулд Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайд өөрийн багаа давхар дээлтэй байна уу, дан дээлтэй байна уу гэдгээс үл хамаарч өөрөө шийдэх агуулгаар 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт орсон. Харамсалтай нь, дөрвөн сайдыг нь УИХ-аас шийднэ гэсэн байдлаар оруулж өгсөн нь агуулгын хувьд зөрчил үүссэн. Иймээс энэ зөрчлийг арилгах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хуульч, Д.Үүрцайхын хамт иргэнийхээ хувиар мэдээлэл гаргасан. Үндсэн хуулийн цэцээс энэ зөрчлийг арилгах шийдвэр бүхий тогтоолыг гаргалаа. 


Үр дүнд нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд нь өөрийн багаа өөрөө томилох бүрэн эрхтэй болж байна. Мэргэжлийн баг байна уу, мөн бүгд УИХ-ын гишүүн байна уу гэдгээс үл хамааран өөрийн багаа хэн нэгнээс хамааралгүйгээр аль нэг улс төрийн хүчин, институтиэс хамааралгүй өөрөө байгуулах боломжтой боллоо. Энэ шийдвэр бол Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр. Шийдвэр нь тогтоол гэж гардаг. Энэ тогтоолыг шууд дагаж мөрдөх үүрэгтэй. УИХ үүнийг өөрчлөх боломжгүй. Үндсэн хуулийн их суудлын дээр хөх тэнгэр байдаг гэж ярьдаг. Үндсэндээ давхар дээлний асуудалд цэг тавьсан. Үүнээс хойш давхар дээл, дан дээлний талаарх нийгмийн зөрчил, үл ойлголцол байхгүй болсныг албан ёсоор мэдэгдье. 


Хоёрт, Цэцийн их суудлаас нэгэнт УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газарт сайдаар ажиллах ёстой гэдэг зүйл заалт байхгүй болгож байгаа юм бол УИХ-ын гишүүдийн тооны асуудал хөндөгдөнө. Учир нь, 2019 онд УИХ 76 гишүүнтэй байгаа тохиолдолд Засгийн газарт дээд тал нь дөрвөн УИХ-ын гишүүн ажиллах нь зүйтэй гэдэг үндэслэлээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийсэн. Гэтэл Цэц их суудлаасаа давхар дээлний хязгаарлалт байхгүй болчихлоо. Тиймээс цаашдаа засаглал, эрх мэдлийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор Үндсэн хуулийн цэцээс "УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй, энэ бол УИХ-ын шийдэх ёстой асуудал юм" гэсэн байдлаар тогтоолд агуулгаараа туслаа. Энэ дагуу парламент яаралтай ээлжит бус хурал зарлан хуралдах ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх нөхцөл үүсч байна" гэлээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 156 (6888)