Т.САЙХАН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ амралтын өдрүүдэд гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж буй “Оргил” төслийн явцтай танилцжээ.   Нийслэлийн 28 байршил, 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулахаар НИТХ-аас баталсан.
Хэсэгчилсэн талбайд үе шаттайгаар төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулснаар ерөнхий төлөвлөлтийн дагуу нийгмийн дэд бүтэц болон ногоон байгууламж бүхий цогцолбор хороолол барьж, эрүүл аюулгүй, тав тухтай орчин нөхцөлд амьдрах боломж бүрдүүлж байгаа юм. 
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны байдлаар гэр хорооллын 1.706.7 га талбай, 19 байршил, 56 хэсэгчилсэн талбайд 43 компани төсөл хэрэгжүүлж, 2519 нэгж талбар газрыг чөлөөлж, 11755 айлын орон сууцыг ашиглалтад оруулан 5000 гаруй янданг буулгаад байгаа гэж энэ үеэр албаныхан танилцуулсан байна. 


Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга зэргийг стандартын дагуу барьж ашиглалтад оруулж байгаа юм. 
Сонгинохайрхан дүүрэгт гэхэд долоон байршил, 12 хэсэгчилсэн талбай, 199.6 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх юм. Үүнээс тус дүүргийн долоон хорооны нутаг дэвсгэрийн хэсэгчилсэн  дөрвөн талбайд зургаан төсөл хэрэгжүүлэгч дахин төлөвлөлтийн төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд нийт 15 блок 846 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулжээ. 


Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт 24 га газрыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлаар баталсан. Уг хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр “Шинэ барилга” компани шалгарч, 3654 айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга барихаар төлөвлөн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулан ажиллаж байна. "Шинэ барилга" компани одоогоор 24 га талбайд "Оргил" төслийг хэрэгжүүлж, эхний ээлжийн нэг блок 126 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байгаа юм байна. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 155 (6887)