П.АМГАЛАНБАЯР
М.Уранцэцэгийн "UFC"-гийн эхний тулааны тов аравдугаар сард зарлагджээ. Тэрбээр Монголын жүдогийн түүхэнд тод мөрөө бичилцэж буй тамирчин билээ. М.Уранцэцэг Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат. Тэрбээр, 2013 онд ДАШТ-д түрүүлэн, Монголын анхны эмэгтэй дэлхийн аварга жүдоч болсон түүхтэй. Мөн 2017 онд мөнгө, 2019 онд хүрэл медаль хүртсэн билээ. "Будапешт-2021" жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дахин хүрэл медаль хүртсэнээр ДАШТ-ээс дөрвөн медаль хүртсэн Монголын анхны жүдочоор тодорсон юм. Түүнчлэн М.Уранцэцэг 2020 онд Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг IJF World Tour-ийн 2010 оны арванхоёрдугаар сарын 17-ноос 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны хооронд болсон тэмцээнүүдэд хамгийн олон медаль хүртэж, Гиннесийн амжилтын эзэн болж байв. Тухайн үед эмэгтэйчүүдийн -48, -52 кг-ын жинд барилдаж 35 медаль хүртсэнээс 11 алт, 11 мөнгө, 13 хүрэл медалиар энгэрээ мялаасан юм. Сүүлд Токиогийн олимпоос хүрэл медаль хүртэж, олимпийн тэнгэрт эх орныхоо далбааг мандуулсан юм.