Т.БАТСАЙХАН

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш энэ сарын 8-ны орой 19:00 цагийн үед манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Энэ нь Антонио Гутеррешийн Монгол Улсад хийж буй анхны айлчлал.  Харин манай улсын хувьд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг хүлээн авсан тав дахь удаагийн үйл явдал болов.  Хамгийн анх 1977 онд НҮБ-ын дөрөв дэх Ерөнхий нарийн бичгийн дарга Курт Вальдхайм манай улсад айлчилсан түүхтэй. Түүний дараа Хавьер Перес Де Куэльяр 1987 онд, Кофи Анан 2002 онд айлчилсан бол хамгийн сүүлд 2009 онд Бан Ги Мүүн Монгол Улсад айлчлаад байв. Харин 13 жилийн дараа  НҮБ-ын ес дэх Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш ийнхүү айлчилж, өчигдөр өглөө түүний айлчлал албан ёсоор эхэллээ.  Түүний айлчлалын хүрээнд өчигдөр болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

 

09:00 цагт: ХҮНДЭТ ЗОЧНЫ ДЭВТЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Төрийн хүндэт харуулын туганд мэхийн ёсолж, цэргүүдтэй мэндчилэв. Монгол Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав. 

 

09:30 цагт: ЭНХТАЙВНЫ БИЛЭГ ТЭМДЭГ БОЛСОН МОНГОЛ УЛС ХЭМЭЭН ОНЦЛОВ

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч  У.Хүрэлсүх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд НҮБ үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлэв.  Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш дэлхий дахинд энхтайван, амар амгалан байдал улам бүр хомсдож буй энэ үед энх тайвны билэг тэмдэг болсон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Олон улсын энхтайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөөх хүч чармайлт, түүний дотор цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр Монгол Улсын оруулж буй нэмрийг өндрөөр үнэлсэн байна. 

 

10:00 цагт: ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ХУУЛИА БАТАЛСАН АНХНЫ УЛС БОЛОВ

УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Антонио Гутеррешийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Г.Занданшатар “ Энэ удаагийн парламент  хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн парламент байхаа зарлаж, дэвшүүлсэн зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө тууштай чармайн ажиллаж байна. Тухайлбал, УИХ-аас өнгөрсөн онд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, Монгол Улс Ази-Номхон далайн бүс нутагтаа уг хуулийг баталсан анхны улс болсон. Мөн Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийг шинэчлэн баталсан. Парламентаас батлан гаргах хууль тогтоомжид иргэдийн оролцоог хангах, парламентын ардчиллыг бэхжүүлэх зорилгоор холбогдох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллаж байгааг дуулгав. 
11:30 цагт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хамт мэдэгдэл хийв. 

 


Антонио Гутерреш: МОНГОЛ УЛС СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧЭЭР ТОМООХОН ТОГЛОГЧ БОЛОХ БОЛОМЖТОЙ

 -Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласнаар цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах бодлого баримталж буйгаа олон улсын хамтын нийгэмлэгт харуулсан. Эх дэлхийг цөмийн зэвсгээс ангид болгохын тулд бусад улс ч Монгол Улсыг үлгэрлэн дуурайна гэж би найдаж байна. Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд олон жилийн ган гачиг нь нөлөөлж, нийт газар нутгийнх нь 77 орчим хувь цөлжилтөд нэрвэгджээ. Монгол Улсын Засгийн газар эдгээр сорилтыг даван туулахын тулд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхийн төлөө чармайн ажиллаж, энэ хүрээнд "Нэг тэрбум мод" санаачилгыг хэрэгжүүлж байна. Байгалийн нөөцийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицуулахад Монгол Улсын жишээг бид сайшааж байна. Монгол Улс өөрийгөө төдийгүй бусад улсыг хангахуйц сэргээгдэх эрчим хүчний их нөөцтэй тул сэргээгдэх эрчим хүчний салбарт тэргүүлэгч болох боломжтой. Мөн Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хангамжийн сүлжээнд зэсийн нөөцөөрөө томоохон тоглогч болох боломжтой. Далайд гарцгүй хэдий ч Монгол Улс яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг чухалчилсан бүтээлч гадаад бодлого нь улс орнуудын хооронд гүүр болж, тогтвортой хөгжлийг урагшлуулахад дэмжлэг болж байна.

 

 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ, ЦАХИМ ҮНДЭСТЭН БОЛОХ ЧИГЛЭЛД ХАМТАРНА

-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн энэ удаагийн айлчлал нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож ирсний 20 жил, нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласны 30 жилийн түүхэн ойтой давхцаж байгаа нь олон улсын энхтайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд оруулж буй манай улсын хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагийн илэрхийлэл гэж үзэж байна. Манай улс хүний эрхийг дээдэлсэн, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхалтаас ангид, тэгш эрхтэй байх ёстой гэж үздэг ардчилсан улс билээ. 1992 онд цөмийн зэвсэггүй бүс гэдгээ зарласан нь олон улсын энхтайван, аюулгүй байдал хурцадсан өнөө цагт манай улсын цөмийн зэвсэггүй статусын ач холбогдол улам бүр нэмэгдэж байгааг энд онцлон дурдмаар байна. Монгол Улс зүүн хойд Азийн бүс нутгийн энхтайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхэд Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангах явдал нэн чухал гэж үздэг. Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай энэ оны тавдугаар сард байгуулсан 2023-2027 онд хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд таван үндсэн чиглэлээр нягт хамтран ажиллана. Ялангуяа, боловсролыг шинэчлэх, цахим үндэстэн болох, сэргээгдэх эрчим хүчийг гол эрчим хүчний хангамж болгох зорилтыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын туслалцаа, дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. 

 

 

12:00 цагт: МОНГОЛ УЛС 2026 ОНД НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ 17 ДУГААР БАГА ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Энхийг сахиулагчдын төгөлд мод тарилаа. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Олон улсын хамтын нийгэмлэг, дэлхий нийтийн өмнө тулгарч буй сорилтууд болох уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүрээлэн буй орчны доройтол зэрэгт онцгой анхаарч, улс орон бүр чармайн зүтгэж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилтийг сааруулах, ой, усны нөөцийг хамгаалах, хүнсний хангамж, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг байгаль, дэлхийтэйгээ харьцах зөв хандлага, соёлыг ард иргэд, түүний дотор хүүхэд, залууст сурталчлан түгээх ач холбогдолтой юм. Үндэсни й хөдөлгөөнд ард иргэд, тэр дундаа залуучууд маш идэвхтэй оролцож байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Нэг мод тарихад түүнийг даган ургах бут, сөөг, өвс, ургамал хүлэмжийн хийг шингээж, хөрсний чийгийг хамгаалан, газрын доройтол, цөлжилтөөс сэргийлэхэд хувь нэмрээ оруулдаг бол 100 мянгаар тоологдох мод тарихад тухайн газар нутгийг, харин сая, тэрбум мод тарихад бүс нутгийг эрүүлжүүлэх ач тустайг эрдэмтэд судлан тогтоосон.
Монгол Улс 2026 онд НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин, бидэнтэй нэгдэж байгаад ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэлээ. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ. № 152 (6884)