Т.САЙХАН
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зочилж мод тарилаа. Тэрбээр энэ үеэр "Мод тарих ажиллагааны нээлтийн үгийг хэлэхээсээ өмнө энд цугласан энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүлэхийг хүсэж байна. Дэлхийн хамгийн халуун цэгүүдэд, хамгийн хүнд, хэцүү байдалд байгаа улс орнуудад Монголын цэргүүд энхийг сахиулах ажиллагаанд оролцож, тэнд байгаа эмэгтэйчүүд, энгийн иргэд, эмзэг бүлгийнхэнд бүхий л талын дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн та бүхний үйл хэргийг би өндрөөр үнэлж байна. Мөн энд хуран цугласан хүүхэд залуудад баяр хүргэхийг хүсэж байна. Танай Ерөнхийлөгч надад "Монголын хүүхэд залуучууд бол байгаль орчноо хамгаалах үйлсэд маш идэвхтэй оролцдог" гэж хэлсэн. Та бүхний энэ үйл хэргийг талархан хүлээн авч байна. Бидний үеийнхэн байгаль орчиндоо ариг гамтай хандаж чадаагүй. Бид байгаль орчноо бохирдуулсан, байгалийнхаа баялгийг авч хэрэглэсэн, байгаль орчноо хойч үеийнхэндээ сайхнаар нь хүлээлгэн өгч чадсангүй. Энэ алдааныхаа үр дагаврыг одоо амсаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллыг бууруулах, байгаль орчноо хамгаалахыг залуучууд та бүхнээс гуйж байна. Бидний үеийнхэнд та бүхэн туслаач, ирээдүйч хойч үеийнхэндээ илүү сайхан, илүү эрүүл байгаль орчныг хүлээлгэж өгөөч гэж та бүхнээс хүсэж байна.
2030 он гэхэд нэг тэрбум мод тарина гэсэн сайхан санаачилга өрнүүлсэн Ерөнхийлөгч танд баяр хүргэе. Таны санаачилгад хувь нэмрээ оруулах боломж олгосонд баярлалаа. Би уг нь энэ арга хэмжээнд зориулж үг бэлдсэн юм. Гэхдээ тэр үгээ уншихаа болилоо. Яагаад гэвэл, би өөрийнхөө амьдралд тохиолдсон түүхээс хуваалцвал илүү сонирхолтой байх гэж бодож байна. Миний ээжийн маань аав буюу миний өвөг эцэг Оливера гэдэг овогтой байсан. Үүнийг португал хэлнээс орчуулбал оливын мод гэсэн үг. Би өвөг эцгийнхээ нэрийг уламжилж авсан, хоёр овогтой хүн. Манай өвөг эцэг намайг жоохон байхад тариалангийн талбайд дагуулж очоод жижигхэн оливын модыг харуулаад "Энэ модыг чамайг төрөхөд суулгасан юм. Чамайг бүх насаараа модыг эрхэмлэж, хүндэлж яваасай гэж хүсэж байна. Нэг мод тарихдаа заавал хажууд нь нэг мод тарих ёстой" гэж надад сургасан. Тэгээд "Чи мод таривал тэр мод чинь чиний амьдралын илэрхийлэл болно" гэж хэлсэн. Оливын мод олон жил насалдаг. Манай Португалд 1000 гаруй жил насалсан оливын мод байдаг. Би 1000 жил насална гэж байгаа юм биш. Гэхдээ миний амьдралыг илэрхийлсэн мод миний эх оронд ургаж байгаа гэдэг нь сайхан санагддаг.
Монгол Улс нэг тэрбум мод тарина гэдэг нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахад, цөлжилттэй тэмцэхэд, биологийн олон янз байдлыг хадгалж хамгаалж үлдэхэд чухал хувь нэмэр оруулна гэж итгэж байна. Байгаль орчин хүн төрлөхтөн хоёрын холбоосыг нэг тэрбум мод тарих үйл ажиллагаа дахин сэргээнэ гэж ойлгож байна. Энэ холбоос бат бөх байх ёстой. Гэтэл бид энэ холбоосыг тасалсан байна. Үүнийг нөхөн сэргээхэд нэг тэрбум мод чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn