Р.ОЮУН

 

Энэ удаагийн “Дугаарын зочин” буланд Олон улсын олимпын хорооны олимп шууд дамжуулалтын албаны зохицуулагч Э.Гуамаралыг урилаа. 

-Таныг гурван олимпод оролцсон гэсэн. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
-Би 2016 онд Риогийн олимпод анх сайн дурын ажилтан хийж байхдаа Монголын спортод менежментийн асуудал, хүн хүч дутагдалтай байдгийг мэдээд 100 хувь Японы Засгийн газрын тэтгэлгээр спортын менежментийн чиглэлээр суралцаад 2021 онд магистраа хамгаалж төгссөн. Тэнд сурч байхдаа Олон улсын олимпын хорооны олимп шууд дамжуулалтын алба гэсэн олон улсын байгууллагад дадлага хийж, сургалтад хамрагдаж Токиогийн олимпод анх удаа, дараа нь Бээжингийн олимпод мөн уригдаж ажилласан. 


-Спортын менежмент манайд хэрэгтэй чухал мэргэжил шүү дээ?
-Спортын байгууллагын спорттой холбоотой холбоодуудын менежментийн удирдлагад ажилладаг мэргэжилтэн гэсэн үг. Миний төгссөн магистр нь Токиогийн олимпод зориулсан олон улсын хөтөлбөр байсан. Манай ангид 15 орны 17 оюутан байсан. Хүлээн авч байгаа орон буюу Японы гурван оюутан байсан. Мөн 50 гаруй орны 150 аппликейшн бөглөсөн хүмүүсээс шалгаруулж авахад бүгд спортын салбарт ажилласан туршлагатай байлаа.  


-Олимп шууд дамжуулалтын алба ямар ажил хийдэг юм бэ?
-Монголчууд олимпыг зурагтаар шууд үздэг. Монголын телевизүүд камераа тавиад шууд нэвтрүүлээд байгаа хэрэг биш л дээ. Олон улсын олимп шууд дамжуулалтын алба нь бүх продакшн, дуу дүрсийг нь аваад 220 гаруй орон, бүс нутгуудад өөрсдийнхөө бүтээлийг зардаг. Монгол ч гэсэн энэ шугамаар тэр эрхийг худалдаж аваад гаргадаг гэсэн үг. Энэ албанд зуны олимпод 8000, өвлийн олимпод 4000 гаруй хүн ажилладаг. Олон улсын шууд дамжуулалтын алба олимпийн болон паралимпийг шууд дамжуулах албан ёсны эрхтэй байгууллага. Би Токиогийн зуны, паралимп, Бээжингийн өвлийн олимпыг паралимптэй нь дараалан ажилласан. 


-2016 оны Риогийн олимпод туслах хийж байсан гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
-Би Риогийн олимпод Монголынхоо олимпын хорооны туслахаар ажилласан. Ингэхдээ тамирчидтайгаа илүү тулж ажилласан. Токио, Бээжингийн олимпод Олон улсын шууд дамжуулалтын багуудтай ажилласан. Риогийн олимпийн үеэр олон тамирчин найзтай болсон. Тэд маань мөн Токиогийн олимпод оролцсон. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг найзыгаа хүрэл медаль авахад уйлаад үзэж байлаа. Тамирчин хүмүүс ямар их хөлс, хүч гаргадгийг Риод яваад өөрийн биеэр мэдэрсэн. Бид зурагтаар л үзэхээс ард нь яг юу болж байгааг мэддэггүй. Төрийн далбаагаа хараад монгол хүн өөрийн эрхгүй огшдог юм билээ. Манай байгууллагаас ажлын дундуур хэдэн тэмцээн үзэх эрх өгдөг болохоор Монголынхоо тамирчдыг үзэх дуртай. 


-Олимпын шууд дамжуулалтын албанд өөр монгол хүн ажилладаг уу?
-Олон улсын олимп шууд дамжуулалтын албанд 70 гаруй орны 8000-аад хүн ажилладаг. Одоогоор ганцаараа Монголоо төлөөлж ажиллаж байгаа. АНУ, Канад, Европын холбооны орнуудын хүмүүс бий. Ихэвчлэн шууд дамжуулалттай харьцдаг, камер, оператор, дуу дүрсний найруулагчид, продюссерууд гээд дэлхийн том шоунууд, хөлбөмбөгийн ДАШТ дээр ажилладаг хүмүүсийг авчирч ажиллуулдаг. Манай багийн ажил бол тэдэнд үзүүлж байгаа үйлчилгээ, үйл ажиллагаа хариуцсан хэсгийг зохицуулах юм. Энэ байгууллагадаа нэг жил ажиллаж байна. 8000 хүний дунд Монгол гэдэг нэрээ хамгаалахын тулд хичээхгүй бол болохгүй. 
Ажлынхаа байранд хүн бүр өөрийнхөө орны далбааг ширээнийхээ ард залдаг. Монголынхоо далбааг залахад сайхан санагдаж байсан. Хүмүүс орж ирээд “Хөөх, монгол хүн байдаг юм уу” гэнэ. Зарим нь мэддэггүй, хаанахын далбаа вэ гээд гайхдаг. 8000 хүний дунд ганцаараа монгол болохоор Монгол Улсыг надаар төсөөлж байгаа. Э.Гуамарал гэдэг хувь хүн биш монгол охин, монгол хүн гэж ярина. Тиймээс алдаа гаргах эрхгүй, ажлаа сайн хийхийг эрмэлздэг.    


-Олимпод ажиллах хүмүүсийг ямар шалгуураар шалгаж авдаг юм бэ?
-Тэр үед Токиод олимп болох гэж байсан тул англи, япон хэлтэй, сургалтад хамрагдсан 1000 гаруй хүнээс 20-ийг сонгон шалгаруулж авахад нь багтаж Бээжингийн олимпод урилгаар ажилласан. Менежер, хэлтсийн захирлууд хүмүүсийнхээ хэр ажиллаж байгаад үнэлгээ хийдэг. Тиймээс энэ үнэлгээнд тулгуурлаж дараагийн олимпод оролцох хүмүүсээ урьдаг. Миний сурсан спортын менежментийн чиглэлээр Швейцар, БНСУ, ОХУ, БНХАУ-д ойрын жилүүдэд олон монгол залуус суралцаж байна. Үүнийгээ дагаад Монголын спорт ч гэсэн хөгжих байх. 
Олимпод оролцох хүмүүсийн жагсаалтаа хоёр жилийн өмнөөс бэлдээд “За, дараагийн олимпод ажиллана шүү” гээд жилийн өмнө гэрээгээ хийдэг. Ингэснээр ажлаа зохицуулж, бэлтгэлээ хангана. Парисын олимп болоход жил гаруйн хугацаа байна. Өнгөрсөн тавдугаар сард “Парисын олимпод ажиллаж чадах уу” гэж асуухад нь “чадна” гэж хэлсэн.           


 -Одоо АНУ-д ажиллаж, амьдарч байгаа гэсэн?
-Манайх гэр бүлээрээ АНУ-д амьдардаг. Миний ажил байнга явж, ирдэг болохоор сүүлийн нэг жил бараг гэртээ байсангүй. Спортын менежментээсээ гадна хэвлэл мэдээллийн салбарт чөлөөт ажилтнаар ажиллаж байна. Өөрийнхөө хүссэн спортын том арга хэмжээнүүдэд ажиллаж болно. Миний хамрагдаж байгаа байгууллага бол Олон улсын олимпын хорооны олимп шууд дамжуулалтын алба. Эндээ олимпын бүх наадамд явна. Тухайлбал, 2024 оны Парис, Италийн өвлийн олимп, 2028 онд АНУ-ын Лос Анжелест зуны олимпод ажиллана гэсэн үг. Энэ байгууллагадаа хамрагдаад олимпийн наадамд урт хугацааны гэрээ хийж ажилладаг. 
Цаашид Олон улсын олимпын хорооны олимп шууд дамжуулалтын албандаа үндсэн ажилтан болох зорилготой байгаа. Олимпын үеэр олон хүн ажиллах хэрэгтэй болдог. Харин олимпын бус үеэр үндсэн 100 ажилтан ажилладаг. Тиймээс ажлын ярилцлагаа өгчихөөд хариугаа хүлээж байна. Сүүлийн долоон жил Монголдоо ирээгүй. Энэ жил амралтаараа ирээд Дундговь аймгийнхаа ойг үзээд сайхан байна.  


-Монголчууддаа хандаж юу гэж хэлмээр байна?
-Хүн бүр хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, дор бүрнээ хариуцлагатай байвал Монгол Улс хөгжинө гэж боддог. Монголын спорт тодорхой хэмжээгээр хөгжиж яваа. Гэхдээ үүний ард санхүү, хөрөнгө мөнгөний асуудал хэвээрээ байна. Яваандаа олон сайн менежертэй болбол сайн хөгжих байх гэж бодож байна. Спортод зориулж байгаа төсөв, хөрөнгө оруулалт нэмэгдэж байж дагаад үзэгчид ихэснэ. Үүний хажуугаар сайн менежмент, боловсон хүчний асуудал маш чухал. Яваандаа Монголын спортын салбартаа ажиллаж, өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулахсан гэж бодож явдаг.           

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 151 (6883)