З.БАТЦЭЦЭГ, Т.САЙХАН

 

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилж байна. Тайванийн нөхцөл байдал амаргүй байгаа ч ийнхүү тэрбээр гурав дахь удаагаа манай улсад хүрэлцэн ирлээ.  Өмнө нь  2018, 2020 онд манай улсад айлчилж байсан юм. 

Ван-И энэ удаагийн айлчлалаараа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлууд, тухайлбал эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар ярилцаж, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох хөтөлбөртэй байна.

Тодруулбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц /УЦС/  Багануурын цахилгаан станцтай холбоотой төслийг эцэслэн шийдвэрлэх тухай яригдаж байна.   Монгол Улсад гурав дахь удаагаа айлчилж буй БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн талаар онцлон хүргэж байна.

 

ТҮҮНИЙ  ЗАЛУУ НАС БА БОЛОВСРОЛ

 

Ван И 1953 оны аравдугаар сард Бээжин хотод төрсөн. 1970 онд ахлах сургуулиа төгсөөд тухайн жилдээ их сургуульд элсэж чадаагүй,   Хэйлунцяны үйлдвэрлэл, барилгын корпуст найман жил ажилласан байдаг.  Харин түүний дараагаас Бээжингийн хоёрдугаар дээд сургуулийн Ази, Африк хэлний факультетэд элсэн орсон. Ван И Япон хэлээр мэргэшсэн. Үүнээс гадна эдийн засгийн чиглэлээр суралцсан бөгөөд 1982 онд эдийн засгийн магистрын зэрэг хамгаалсан юм.   Тэрбээр 1998-2001 онд Гадаад хэргийн сайдын туслах, ГХЯ-ны Улс төр шинжилгээний газрын орон тооны бус даргаар ажиллаж байжээ. Харин  2013 оноос хойш БНХАУ-ын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байгаа улстөрч юм.   Мөн 2018 оноос БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. ХVII, ХIХ чуулганы ХКН-ын төв хорооны гишүүн аж.

 

ВАН И-ГИЙН КАРЬЕР

 

1982 онд Ван И Гадаад хэргийн яаманд ажилд орж, дипломат ажлын гараагаа эхэлжээ. Ван И эхлээд туслах, дараа нь атташегаар томилогдож, эцэст нь ГХЯ-ны Азийн газрын хэлтсийн дарга болсон байна. Улмаар түүний карьер өсөж эхэлсэн.

Түүний ажлын намтрыг харвал,

1989-1994 онд Хятадаас Японд суугаа Элчин сайдын яамны зөвлөх

1994-1995 онд ГХЯ-ны Азийн орнуудын газрын орлогч дарга

1995-1998 онд ГХЯ-ны Азийн орнуудын газрын даргаар ажиллаж байв.  Мөн 1997 онд Ван И Жоржтауны их сургуулийн Дипломат судлалын хүрээлэнд зочин эрдэмтэн болсон. Ингээд 1999 оны есдүгээр сард Ван И Хятадын Олон улсын харилцааны их сургуульд мэргэжил дээшлүүлсэн байна.  Үүний зэрэгцээ Ван И 2001 он хүртэл ГХЯ-ны сайдын туслах, ГХЯ-ны Улс төр шинжилгээний газрын даргын албыг давхар хашиж байжээ.  2001 онд Гадаад харилцааны дэд сайдаар томилогдсон. Ингэснээр Ван И БНХАУ-ын түүхэн дэх хамгийн залуу Гадаад хэргийн дэд сайд болов. Тэрбээр 2004 оны есдүгээр сараас 2007 оны есдүгээр сар хүртэл Хятадаас Японд суугаа Элчин сайдаар ажиллаж байсан бөгөөд Япон хэлээр чөлөөтэй ярьдаг гэдгээрээ алдартай. 2007-2008 онд Ван И-ийн намтарт шинэ үе эхэлсэн гэхэд болно.  Тэрбээр Гадаад хэргийн тэргүүн дэд сайдын албыг хашиж эхлэв.   Мөн 2008 оны зургадугаар сард ХКН-ын Төв Хорооны Тайванийн хэрэг эрхлэх газар, Хятадын Төрийн Зөвлөлийн Тайванийн хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон бөгөөд 2013 он хүртэл энэ албан тушаалыг хашиж байжээ.

 

ХУВИЙН АМЬДРАЛ

 

Түүний эхнэр Цянь Вэй нь Жоу Энлайн нарийн бичгийн дарга Цянь Жядунгийн охин юм. Тэд нэг охинтой.

 

ВАН И-ГИЙН ОРОС, АНУ-ТАЙ ХАРИЛЦАХ ХАРИЛЦАА БА МЭДЭГДЛҮҮД

 

Трампын засаг захиргааны үед доод цэгтээ хүрсэн АНУ-тай харилцаагаа сэргээхийг Хятад улс хүсэж байна гэж Ван И тэмдэглэв.  Хятад улс бүтээлч яриа хэлэлцээ хийхэд нээлттэй. Гэсэн хэдий ч 2021 оны хавар Анкориж хотод болсон уулзалтын үеэр АНУ, Хятад хоёр бие биенээ гэрээгээ зөрчсөн гэж шууд буруутгасан. Хэлэлцээний үеэр "СП"-ийн бичсэнчлэн Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен тэргүүтэй АНУ-ын төлөөлөгчид протоколыг бүдүүлгээр зөрчиж, Бээжинг буруутган дайрчээ. Хятадын тал хариу үг хэлэхээс өмнө америкчууд сэтгүүлчдийг хурлын танхимаас гарахыг шаардсан байна. “АНУ-ын төлөөлөгчдийн нээлтийн үг төлөвлөсөн хугацаанаас хэтэрсэн. Америкийн тал дипломат протоколд нийцээгүй үндэслэлгүй буруутгасан тул Хятад улс хатуу хариу өгсөн” гэж Хятадын төлөөлөгчид мэдэгдсэн.

2019 онд Хятадын ГХЯ Орос, Хятадын харилцааг өндрөөр үнэлж, хоёр гүрний хамтын ажиллагааны жишиг гэж хүлээн зөвшөөрсөн байна. Энэ тухай Хятадын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдэв. "Өнөөгийн ертөнцийг эргэн харахад Орос-Хятадын харилцааг хоёр гүрний хамгийн ойр дотно, төлөвшсөн, бат бөх, тогтвортой харилцаа гэж нэрлэх нь зүйн хэрэг" гэж Ван И Хятадын төв телевизийн мэдээнд дурдсан байна.

2020 онд Ван И тэмдэглэхдээ, Хятад, Оросын Холбооны Улс "Дэлхийн тогтворжуулагч"-ийн үүрэг гүйцэтгэсээр байна. Мөн тэрбээр хоёр талын хамтын ажиллагаа байнга шинэ үр дүнд хүрч байгааг хэллээ. "Орос Хятад хоёр улс цар тахал өвчинтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, бүс нутгийн хурц асуудлыг улс төрийн аргаар зохицуулахад хувь нэмрээ оруулж, дэлхийн тогтворжуулагчийн үүрэг гүйцэтгэж байна. Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагаа байнга шинэ үр дүнд хүрч байна” гэж Ван И Хятадын ГХЯ-ны цахим хуудсанд нийтэлжээ. Тэрбээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар ярихдаа энэ тухай мэдэгдэж байсан.  2021 оны арванхоёрдугаар сард Ван И Тайванийг эх орондоо гарцаагүй буцаж ирэх аялагчтай зүйрлэсэн. Тэрбээр бусад улс орнуудыг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг сэрэмжлүүлэв. “Тайвань бол бусдын хэрэглэдэг шатрын ширээ биш харин яваандаа гэртээ буцаж ирэх аялагч юм. Хятад улс нэгдмэл байх ёстой, гарцаагүй нэгдэх болно” гэж Ван И хэлэв.

2022 оны хоёрдугаар сард Хятадын Гадаад хэргийн сайд Ван И ОХУ-тай эрчим хүчний салбарт идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа зарлав. "Хятадын тал Оросын талтай харилцан уялдаа холбоогоо улам бэхжүүлж, үйлдвэрлэлийн бүхий л хэлхээний дагуу эрчим хүчний хамтын ажиллагааг идэвхтэй ахиулахад бэлэн байна" гэж тэрбээр Оросын сайд Сергей Лавровтой уулзах үеэрээ мэдэгдэв. Түүнчлэн Ван И коронавирусын тахлын эсрэг хамтдаа тэмцэхийн чухлыг дурдаад, хоёр орон харилцан итгэлцлийг бэхжүүлж, уялдаа холбоотой арга хэмжээгээ чангатгаж, хилээр халдвар тархахаас сэргийлж, иргэдийн шилжилт хөдөлгөөн, худалдааны хэвийн байдлыг хангах хэрэгтэйг онцлож байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 150 (6882)