Т.САЙХАН

 

Энэ  сард  манай улсад улс төрийн  хоёр ч томоохон айлчлал товлогдоод байна.  Наймдугаар сарын 5-нд Хятадын Гадаад харилцааны сайд Ван И манай улсад  хоёр өдрийн хугацаатай албан ёсны айлчлал хийх юм байна. Түүний дараа  буюу наймдугаар сарын 8-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Монголд айлчлах товтой байна.

Хятадын Гадаад харилцааны сайд Ван И-гийн  айлчлалын үеэр эрчим хүчний төслүүдийн санхүүжилт болон нүүрсний тээвэрлэлт, төмөр замын холболт, хил гаалийн асуудлыг хэлэлцэнэ гэсэн албан бус мэдээлэл бий.  Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц болон Багануурын цахилгаан станцын санхүүжилтийн асуудлыг хэлэлцэж магадгүй. Засгийн газраас эдгээр цахилгаан станцын санхүүжилтийн асуудал шийдэгдвэл бүтээн байгуулалтын ажлыг энэ намраас эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Мөн Монгол Улс БНХАУ-тай өнгөрсөн онд 10.2 тэрбум ам.долларын худалдааг хийсэн нь гадаад худалдааны бараа эргэлтийн 63.1 хувийг эзэлж байгаа аж. БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 32.3 хувийг чулуун нүүрс, 38 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцарь улсад экспортолсон барааны 98, БНСУ-д экспортолсон барааны 68.2 хувийг алт эзэлсэн байв. Экспорт өнгөрсөн онд өмнөх оныхоос 1.7 тэрбум ам.доллараар нэмэгдэхэд зэсийн баяжмалын экспорт 1.1 тэрбум, нүүрсний экспорт 652.9 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Антониу Гутерриш анх удаа манай улсад айлчлах гэж байна.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцохдоо тэрбум мод тарих амлалтыг олон улсын өмнө өгсөн. Мөн таранзит Монгол болохоо амалсан билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 1. ДАВАА ГАРАГ. № 145 (6877)