Б.ДАРЬСҮРЭН

Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг /АНДМУТБ/-ээс Малайз Улсын Куала Лумпур хотод энэ сарын 24-нөөс 28-ны өдөр зохион байгуулж буй “Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 25 дахь удаагийн уулзалт”-д Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан холбогдох байгууллагуудын төлөөллийн хамтаар оролцож байна.

Санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага /ФАТФ/-аас виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг тодорхойлж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх шаардлагыг мөрдүүлэх, эрсдэлд суурилсан аргачлалыг хэрэгжүүлэхтэй холбоотой өөрийн зөвлөмждөө нэмэлт оруулж, улс орнуудыг дагаж мөрдөхийг мэдэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хороо мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг виртуал хөрөнгийн салбарт үндэсний хэмжээнд үнэлэх, журам зааврыг боловсруулж батлуулах, хамтын ажиллагааг өргөжүүлж, иргэд олон нийтийг анхааруулах шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

Улмаар өчигдөр /2022.07.27/ АНДМУТБ-ээс Монгол Улсын үнэлгээний тайланг гишүүн орнуудаар хэлэлцүүлж батлав. Хуралдаанаар Монгол Улсын Зөвлөмж 15-ын үнэлгээг “хагас хэрэгжсэн” гэж 2021 онд үнэлснийг “дийлэнх нь хэрэгжсэн” болгож, нэг шатаар ахиулав. Энэ үнэлгээ баталгаажсанаар Монгол Улс ФАТФ-ын нийт 40 техник зөвлөмжийн 39 “бүрэн хэрэгжсэн” болон “дийлэнх нь хэрэгжсэн” үнэлгээтэй болж ахиц гаргажээ.

Эх сурвалж: www.polit.mn