Т.САЙХАН
АН-аас өнөөдөр /07.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус намын дэд дарга Ч.Отгочулуу "Айл өрх хувь хүмүүс тогтвортой үнээр АИ-92 бензинээ авч байгаа ч бусад бүх зүйлийн үнэ хоёр дахин өслөө. Манай улсын гол худалдааны түнш БНХАУ-д барааны үнэ тогтвортой байгаа. Тээвэрлэлтийн зардал өндөр байна. Эзлэн түрэмгийлэгчидтэй хамтарч хээрийн сургалт хийж байж, Хар жагсаалтад орох вий" гэдгийг хэллээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "ОХУ-ын танк, цэрэг Монгол Улсад хамтарсан хээрийн сургуулилалт хийх мэдээлэл явж байна. Батлан хамгаалах, Засгийн газар таг чиг байгаа юм. Манай орон дайтаж байгаа аль нэг улсын талд ордоггүй бодлоготой улс. Гэтэл бид хээрийн сургуулилалт хийж байгаа нь буруу ойлголт өгнө. Дайтагч аль нэг улсын талд байгааг харуулах гэж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ асуудлаар байр сууриа илэрхийлэх ёстой. Өмнө нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг дэмжих зорилготой сургуулилалт болдог байсан. Дараагийн нэг асуудал бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт юм. Үндэсний статистикийн хороо Монголын инфляц 16 хувьтай байна гэж худлаа ярьж байгаа. Иргэдийн амьдрал дордсоор байхад эрх баригчид найр наадам хэсэж, одон медаль тараахаасаа ичихгүй байна уу. Засгийн газрын гал тогоог эдийн засаг мэдэхгүй Ц.Нямдорж бариад сууж байна.Г.Занданшатар 2030 он гэхэд улс орноосоо бид хөөгдөнө гэж ярьсан. Ирэх жил гэхэд та нар хөөгдөнө" гэв.
Эх сурвалж:www.polit.mn