Б.ГАРЬД

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар цагтаа ах, дүүс гэгдэж, төрийн өндөр албан дахь ойр дөт хүмүүсийн тоог зүй ёсоор нэмж явсан. Харин тэд хоёр сар гаруйн өмнө, 2022 оны дөрөвдүгээр сарын дундуур уулзаж, муудалцаад салсан тухай хэвлэлүүд мэдээлж байв..

Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёрын уулзалтад ЕТГ-ын дарга асан З.Энхболд, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан Л.Гансүх нар байлцсан гэдэг. Сүүлд тэдний хүрээллээс анх энэ талаар ярьсан байдаг юм.

Тэд яагаад муудсан гэхээр Х.Баттулгын зөвлөх, найз гээд ойр тойронд нь явсан хэд хэдэн хүн Хөгжлийн банк, "Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгуулж буй юм. Мань эр өөрөө ч шалгагдаж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Чухам тиймээс эдгээр хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагааг зогсоохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хүсчээ. Харин нөгөөх нь "...Боломжгүй. Хуулийнхаа дагуу яваг" гэжээ. Ингээд Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёрын харилцаа "хага үсэрч", тэр нь өдгөө ил болж буй бололтой. Учир нь элдвийн PR, сайн муу сэдвүүд дээр нь ил цагаан троллын үүрэг гүйцэтгэн зүтгэж явдаг гишүүн асан эмэгтэй тэргүүтэй хүмүүс ажиллаж эхэлсэн байна. Тэд сүүлийн хэдэн өдөр "...Бэрх тосгон" сэдвийг барьж авч, Л.Оюун-Эрдэнэ рүү чиглүүлж буй бололтой. Учир нь

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө ингэж үзэж буй бөгөөд "...Х.Баттулга түрүүлж дайрлаа" хэмээсэн гэнэ. Энэ талаар сонсож мэдсэн улс төрийн хүрээнийхэн "...Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуг нь яаж барих бол?!" гэцгээж байна.

Ямартай ч "...Улс төрд мөнхийн эвлэрэл, эсвэл мөнхий дайсагнал байдаггүй" гэдгийн тод нотолгоо болсон өнөөгийн Ерөнхий сайд, өчигдрийн Ерөнхийлөгч хоёр түмний нүдэн дээр ил нанчилдаж мэдэхээр болов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 141 (6873)