Б.ДАРЬСҮРЭН

Аялал жуулчлалын цаг хэдийнэ эхэлж, Улаанбаатараас орон нутгийг чиглэх хөдөлгөөн эрчимжээд буй. Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас авсан мэдээллээр баяр наадмын үеэрх ес хоногийн амралтын өдрүүдэд зугаалж, аялах зорилгоор хотоос гарах дөрвөн постоор 111710 тээврийн хэрэгсэл гарчээ. Эдгээр тээврийн хэрэгслээр 4-6 ам бүлтэй гэр бүл зорчсон гэж үзвэл 670270 иргэн дотоодод аялсан байна. Аялалд гарахын тулд хүнснээс гадна майхан, аяны сандал ширээ, ор болон загасчлалын хэрэгслүүд чухал байдаг. Аяны хэрэгслүүдийн үнэ, иргэдийн худалдан авалт ямар байгааг “Нарантуул” ОУХТ-өөс сурвалжиллаа. Тус төвийн баруун хойно аяллын хэрэгсэл зардаг хэсэгт очсон юм. Энэ хэсэгт сүүлийн таван жил худалдаа эрхэлж буй Б.Бямбасүрэнтэй ярилцлаа.

 

Б.Бямбасүрэн: Захиалсан ачаа 2-3 сарын дараа ирж байна

 

Тэрбээр “Бараа бүтээгдэхүүний үнэ ковидын өмнө болон оргил үеийнхтэй харьцуулбал 30-50 хувь нэмэгдсэн. Эрэлт их байгаа боловч худалдан авалт маш муу байна” гэв. Өмнө нь хүмүүс аяны сандлыг хосоор нь авч байсан бол нэг, нэгээр нь л авч байна. Үнийн хувьд дөрвөн хүний майхан брэнд, материалаасаа хамаарч 150-300 мянгаар худалдаалагддаг байсан бол одоо 230-450 мянган төгрөг болсон гэнэ. Мөн хоёр хүний майхны үнэ 30-150 мянга байсан бол 60-180 мянга болтлоо өсжээ. Аяны сандал ширээний хувьд даац, хэмжээ, материалаас шалтгаалж, 20-150 мянган төгрөгийн үнэтэй байна. Барааны үнэ ингэж өсөхөд ачаа хүлээлт, юанийн өсөлт, тээврийн зардал нөлөөлж байгааг хэллээ. Захиалсан ачаа нь дунджаар 2-3 сар хүлээгдэж ирдэг ажээ. Аль гуравдугаар сард захьсан бараа наадмын өмнөхөн иржээ. Өмнө нь бараа захиалахад 1-2 хоногт ирж байжээ. Юань бол жилийн өмнөхөөс 100 гаруй төгрөгөөр өссөн. Энийгээ дагаад тээвэрлэлтийн зардал нэмэгдээд байна. Үүнд задгай тээврийг чингэлэгт шилжүүлсэн нь нөлөөлсөн. Ялангуяа майхан овор ихтэй тул багтаамж их эзэлж, ачааны тоог нэмэгдүүлдгийг учирласан юм.

 

Загасчлах хэрэгслийн үнэ 50 орчим хувиар нэмэгдсэн

Үнэ 2020 оныхоос 30-50 хувь өссөнийг графикаар харууллаа.

Загасчлах хэрэгслээр 20 гаруй жил ажилласан Г.Ганжаргалаас тодруулав. Түүний борлуулдаг барааны үнэ мөн л 50 гаруй хувиар нэмэгджээ.

-Загасны уурга 20-80 мянгаар худалдагдаж байсан бол одоо 35-150 мянган төгрөгийн үнэтэй байна. Өгөөш, халбага зэрэг туслах хэрэгслүүдийг 3000-10000 төгрөгөөр худалдаалж буй аж. Мөн адил ачаа хүлээлт, юанийн өсөлт гэсэн асуудлаас хамаарч барааны үнэ өсч байна. Наймаачид ашгийн төлөө ажилладаг учраас ачаа удаан хүлээгдсэний улмаас түгжигдсэн мөнгөө бага ч гэсэн нөхөхийн тулд үнээ нэмэхээс өөр аргагүй гэсэн тайлбарыг ойролцоох лангууны худалдагч нар мөн өгч байлаа.

 

Худалдан авагч: Хэрэгслээ иж бүрнээр нь хангаж чадахгүй байна

 

-Юм сонгохдоо хүсэл сонирхлоороо биш, мөнгөндөө тааруулж байна. Яг авахыг хүссэн зүйлээ иж бүрнээр нь авч чаддаггүй. Майхны хувьд аль болох угсрахад амар, материал сайтайг нь авъя гэхээр 200-300 мянгаас буудаггүй. Бараг 500 гаруй мянган төгрөгтэй байж л аяны хэрэгслээ гайгүй бэлдэж байна. Бусдаар бол хүнсний зүйлээ аваад л гарч байна.

Ганц дотоодын аялагч гэлтгүй гадаадаас ирж буй жуулчид энд хөндөгдөнө. Цар тахлын улмаас манай улс хилийн хязгаар тогтоож байсан бол энэ оны хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн олон улсад нээлттэй болсон. Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн нөхцөл байдлыг богино хугацаанд сэргээх, эдийн засгийн голлох салбарын нэг аялал жуулчлалын салбарыг эрчимтэй сэргээх бодлого, арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж эхлээд буй. Энэ сарын 18-ны байдлаар нийт 96536 жуулчин манай улсад аялсан байгаагийн 45425 нь ОХУ-аас, Өмнөд Солонгосоос 14282, Казакстан Улсаас 10368 жуулчид аялсан дүн гарсан байгааг Графикаар танилцуулж байна.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 22. БААСАН ГАРАГ. № 139 (6871)