Б.ДАРЬСҮРЭН
“Start-Up” булангийн энэ удаагийн дугаарт “Аз жаргалтай ажлын байрыг хамтдаа бүтээцгээе” уриатай “Buuvee” кашмерийг онцолж, Үүсгэн байгуулагч Р.Бадмаанямбуутай ярилцлаа.
-Үйл ажиллагаа эхлүүлэх болсон шалтгаан юу байв?
-Би Архангай аймагт төрж өссөн. Тухайн үед конкурс буюу одоогийнхоор ЭЕШ өгөхөд компьютер, програм дөнгөж эрэлтэд орж байсан үе. Компьютер, програмын ангийг авах боломж надад байсан боловч Хөнгөн үйлдвэрийн технологийн инженерийн ангийг сонгосон. Ингэх шалтгаан нь өвөөтэй минь холбоотой. Өвөө маань сумын алдарт ямаачин хүн байсан. Би өвөөгөө дагаж, ямаагаа самнах дуртай байлаа. Мөн манай суманд Говь компанийн инженер ахын ажил гоё санагдсан. Тиймээс Монголын нүүр царай болсон энэ салбарт ажиллах хүсэл төрсөн. Бакалавр, магистраа дандаа ноолуураар судалгаа хийж, хамгаалсан. Үүнийгээ үргэлжлүүлж, 2002 онд Монгол-Германы хамтарсан “Чанарын тэмдэг-2+2” төслийн хүрээнд 18 аймгийн 80 гаруй сумаар явж, монгол ямааны ноолуурыг үүлдэр, нас, хүйс, өнгө зүсээр нь ангилан 15000 дээж бэлдсэн байдаг. Уг дээжээрээ ХБНГУ руу судалгааны ажил хийхээр явсан. Судалгааныхаа үр дүн дээр тулгуурлан суурь судалгааны баазтай болсон. Цаашид хөгжүүлэлт хийж, үйлдвэрлэлд нэвтэрсэн ажил хийе гэсэн зорилго бий болгоод, олон жил явсан. Улмаар 2015 онд докторын зэргээ “Монгол ямааны ноолуурын судалгаа, хагас нарийн ээрэх системийн боловсруулалт” сэдвээр хамгаалсан. Манайх таван хүүхэдтэй. Компани нээх болсон шалтгаан маань манай том хүү. Дүү нартаа зураг зурж, цаасаар юм урлаж өгөхдөө “Buuvee” гээд латинаар бичээд, “Энэ миний брэнд. Би ийм брэндтэй болно” гэж мөрөөддөг байсан юм.
-Бэрхшээлүүд хэрхэн тулгарч байна?
-Ер нь бэрхшээлгүй ажил гэж хаана ч байхгүй. Ялангуяа манай ноос ноолуурын салбар нь маш олон шат дамжлага, хөрөнгө хүч, техонологи шаардсан талбар. Хөнгөн үйлдвэр гэдэг нэртэй боловч хүнд үйлдвэр гэж болохоор байгаа юм. Эрдэмтэд ноолуур нь малын хээлтүүлгийн үеэс эцсийн шатанд иртлээ 276 дамждаг гэсэн судалгааны дүгнэлт гаргасан байдаг. Энэ их хүч хөдөлмөр шаардаж бий болсон бүтээгдэхүүн нь хямдхан байхаар ажилчдын цалин багасна. Улмаар энэ салбарт ажиллах хүн хүч буураад байгаа юм. Яагаад ноолууран бүтээгдэхүүн өндөр үнэтэй байх ёстой вэ гэхээр нэгдүгээрт, түүхий эд нь асар үнэтэй. Наад захын жишээ гэвэл тонн нүүрс 300 ам.доллар, нэг тонн зэс 9000 ам.доллар. Гэтэл бүрэн боловсруулсан нэг тонн ноолуур “Buuvee Cashmere” компаниа 2018 онд байгуулж, 2021 онд нээлтээ хийсэн. Би өөрөө ШУТИС-д багшилдаг, эхнэр маань өөр бизнес эрхэлдэг байсан учраас тогтвортой ажиллаж чадахгүй, хэсэг хугацаа алдсан. Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн манай эхнэр компаниа удирдан гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Ноднин “Старт аппуудыг үхлийн хөндийгөөс гаргах нь” нэртэй хөтөлбөр явагдаад, эхний шатанд шалгарсан юм. Эцсийн шийдвэрт татгалзсан шийдвэр гарсан нь биднийг хурцлах хамгийн том шалтгаан байлаа. Ухрах араа байхгүй, урагшаа л тэмүүлэх үүрэгтэй. Мөн хүнд бэрхшээлүүдийн нэг нь банкны зээл. Ноолуурын салбар дахь борлуулалтын орлого бага учраас шалгуурт нь тэнцэж өгдөггүй. Бас барьцаа хөрөнгө заавал шаарддаг нь хүнд тусдаг. Ингээд бодохоор ЖДҮ эрхлэгчид, шинээр байгуулагдаж буй старт апп компаниудад энэ тал дээр дэмжлэг хамгийн их хэрэгтэй байгаа юм.
-Үйлдвэрийн байрны тав тух, ажилчдынхаа ажиллах орчин нөхцөлд хэрхэн анхаардаг вэ?
-Манайх аз жаргалтай ажлын байр бий болгохыг зорьдог. Ямар ч хүн ажлаа хийхдээ гэртээ байгаа юм шиг ая тухтай байх ёстой. Жишээлбэл, усанд орох банн душ, хэвтэж амрах амралтын өрөө, тагтан дээрээ гараад байгалийн сайхныг ширтэн алжаалаа тайлах боломжийг бүрдүүлээд буй.
-Үйл ажиллагаа явуулах саналыг эхнэртээ тавьж байсан гэсэн. Хэрхэн хүлээж авсан бэ?
-Уг нь бид хоёрын мэргэжил адилхан. Гэхдээ хань маань олон жил өөр бизнес эрхэлж, хөндийрсөн байлаа. Санал тавихад хүлээж авахгүй нэлээд удсан. Энэ салбарт бэрхшээл их учраас жийрхэх асуудал бий. Аль болох ханийгаа чиглүүлж, ятгасаар байгаад л оруулж ирсэн дээ. Эхнэр маань одоо байгууллагынхаа Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. “Сайн яваа эр хүний ард сайн хань байдаг” гэдэг. Надад их тус дэм болдог.
Энэ үеэр түүний хань, “Buuvee” кашмерийн Гүйцэтгэх захирал Ш.Будсүрэнтэй цөөн хором ярилцлаа.
-Та ажиллаж буй салбараа хэрхэн харж байна?
-Саналд нь их удаж хариу өгсөн. Хамтарч ажиллах болсон шалтгаан гэвэл нөхрийнхөө хамтын бүтээлээр гарсан эрдмийн ажил нь эдийн засгийн эргэлтэд орж үр ашигтай болох юм байна гэж харсан. Тэгээд салбартаа өөрийн чадах хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэж ханийнхаа саналыг хүлээн авсан. Би өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн Гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн. Салбараасаа 6-7 жил хөндийрч өөр салбарт ажилласан хүний хувьд эцсийн бүтээгдэхүүний үнэлгээ бага, уртасгасан цагаар ажилладаг гэх мэт асуудал бий болохоор хүний тогтвортой амьдралын хэв маяг алдагдах эрсдэлтэй. Ийм учраас хүний нөөцийн дутагдал их байгааг анзаарсан. Хүн амьдралынхаа 2/3-ыг ажил дээрээ, ажилдаа ирж очихын тулд зам дээр өнгөрөөдөг. Бид нэг гэр бүл учраас ажлаасаа таашаал авч, чин сэтгэлтэй ажиллах өнгө төрх бий болгохыг зорьж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 136 (6868)