Т.САЙХАН
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапурын ерөнхий сайд Ли Сиен Лүний урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын эхний өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапурын Темасек олон улсын санд зочлов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлыг хамтдаа даван туулахад Сингапурын Темасек олон улсын сангаас Монгол Улсад нэн шаардлагатай дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулан олон улсын жишигт нийцүүлэх, танай толгой компани болох Темасек Холдингийн туршлагыг нэвтрүүлэх, Монгол Улсын шинэ нисэх онгоцны буудлыг бүс нутгийн хэмжээний тээвэр, логистикийн зангилаа болгох, нисэх онгоцны буудлыг түшиглэн Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд транзит Монгол Улсын зангилаа бий болгох, аялал жуулчлалыг татахад Сингапурын сайн туршлагыг нэвтрүүлэх, олон улсын болон Сингапурын хөрөнгө оруулалтыг татахад шаардлагатай эрх зүйн орчныг Английн хуулийн жишгээр бүрдүүлэх талаар хамтран ажиллах саналтай байна” гэлээ.
Монгол Улсын баялгийн санг “Эрдэнэс Монгол” компанийг түшиглэн байгуулахаар ажиллаж байна. Энэ чиглэлд Сингапурын арвин туршлагыг судалж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ. Темасек олон улсын сан Монгол Улстай 2009 оноос эхлэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Цаашид ч үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапурын Харилцаа холбоо, мэдээллийн сайд, Дотоод хэргийн яамны Хоёрдугаар сайд бөгөөд Ухаалаг үндэстэн, кибер аюулгүй байдлын асуудал эрхэлсэн сайд Жозефин Теотой уулзав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй дэлхийн хөгжилд цахим сүлжээ, мэдээллийн технологи чухал үүрэг гүйцэтгэж буйг онцлоод Монгол Улсын Засгийн газраас цахим үндэстэн болох зорилт тавин “E-Mongolia” платформыг хөгжүүлж, төрийн үйлчилгээг цахимжуулах зэрэг энэ салбарт эрчимтэй шинэчлэл хийж буй талаар танилцуулав.
Засгийн газрынхаа бүтцэд өөрчлөлт оруулж, шинээр Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулсан. Мэдээллийн технологи, бүтээлч үйлдвэрлэл нь манай “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан эдийн засгийн тэргүүлэх зургаан чиглэлийн нэг. Түүнчлэн тус бодлогод хүн төвтэй хот, төлөвлөлт төвтэй хөгжил, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлэх замаар олон улсын сайн жишгийг Монгол Улсын нийслэлд нутагшуулж, улмаар Улаанбаатар хотыг хөгжүүлэх “Цахим хот” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж буйг Ерөнхий сайд тэмдэглэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ удаагийн албан ёсны айлчлал энэ түвшинд тус улсад Монголын талаас хийж байгаа 11 жилийн дараах айлчлал болж байна. Хоёр том хөршийн дунд орших бамбай улсын Ерөнхий сайд, төр, засгийн тэргүүн аль улсад, ямар хэмжээний айлчлал хийх нь вэ гэдэг дэлхийн улс төр эмзэг буй энэ цаг үед геополитикийн эмзэг сэдэв. Сингапур улсын хувьд парламентын бүгд найрамдах засаглалтай, сонгуулийн холимог системтэй, олон намын тогтолцоотой. Өнгөрсөн оны статистик мэдээллээр 378.62 тэрбум ам.долларын Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй Сингапурын эдийн засгийн өсөлт нь мөн онд 7.6 хувь байсан. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаа 2020 онд эдийн засаг нь агшсан. Энэ нь дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй. Нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд эхний 10-т тогтмол ордог Сингапурын хөрөнгийн нөөцийг бүрдүүлдэг санхүүгийн голлох гурван байгууллага нь “Темасек холдингс”, “Хөрөнгө оруулалтын корпораци”, Төвбанк гурав.
Ли Сүен Лүн 2004 оноос Сингапур улсын ерөнхий сайдаар ажиллаж байгаа. 1984 оноос хойш парламентын гишүүнээр тасралтгүй сонгогдож байгаа улстөрч юм. Өдгөөгийн Сингапурыг үндэслэгч гэгддэг анхны Ерөнхий сайд Ли Куан Югийн ууган хүү тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаж эхэлснээсээ хойш Монголын гурав дахь Ерөнхий сайдыг албан болон ажлын айлчлалаар хүлээн авч байгаа нь энэ билээ. Ли Сүен Лүнийг ерөнхий сайд болсных нь дараа жил нь буюу 2005, 2011 онд Монгол Улсын Ерөнхий сайд нар албан ёсоор айлчилж байлаа.
2022 оны Долдугаар сарын 8. БААСАН гараг. № 134 (6866)